Монгол орны нуур, гол, мөрнийг Хойд мөсөн болон Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй хэмээх гурван ай савд хуваадаг аж. Эдгээр ай савд найман багийн 15 овог, 47 төрөлд хамаарах 79 зүйлийн загас амьдардаг бөгөөд 39 нь агнуурын ач холбогдолтой. Үүнээс зургаан зүйл нь “Монголын Улаан ном”-д орсон.
Манай орны загасны жагсаалтад бүртгэлтэй ч өдийг хүртэл баригдаж, харагдаагүй цөөн төрөл зүйлийн жарас загас бий. Мөн огт судлагдаагүй зүйлийнх ч байдаг аж. Загасны тухай “Монголын агнуурын загас” холбооны биологич Б.Мөнхзориг сонирхолтой зарим баримт өгүүлсэн юм.
•ОХУ-ын Санкт-Петербург хотын Амьтан судлалын хүрээлэнгийн 28 338 дугаартай саванд шивэр жарсын дээжийг хадгалдаг гэнэ. Эл загасыг Енисейн эхээс барьсан учир түүний цутгал болох Шишхэд, Сэлэнгэ мөрний сав газарт байх магадлалтай гэж үзэн, манай орны загасны жагсаалтад бүртгэжээ. Тэгсэн ч уг зүйлийг өдий хүртэл олоогүй байна.
• 1956 онд Дорнод аймгийн нутагт орших Буйр нуураас амарын лах (silurus soldatovi) агнаж байжээ. Загасчид агнуурт өртсөний улмаас ховордсон гэж үздэг ч судалгаагаар нотлоогүй. Амар мөрний сав газарт маш цөөн тохиолдох бөгөөд Амарын цулбууртыг бодвол том биетэй доод эрүү нь шаймий, гурван хос сахалтай гэнэ. Биологи, экологийн нарийвчилсан судалгааг манай болон хөрш хоёр орны эрдэмтэд ч хийгээгүй байна.
• Амарын хавчигас (hemicultervarpachovskii nikolskii) нь Дорнод аймгийн Буйр нуур, Халх голын сав газарт маш цөөн тохиолдох бөгөөд 2017 онд Монгол орны загасны төрөл, зүйлийн жагсаалтад бүртгэж “Монголын Улаан ном”-д оруулжээ.
• Төвд, Хятад, Энэтхэг, Афганистан, Иран, Пакистан, Узбекистан улсын өндөр уулын гол, нуурт тархсан загасыг triplophysastoliczka (монгол нэр өгөөгүй) гэнэ. Хамгийн өндөр газарт амьдардаг загас хэмээн тэмдэглэсэн аж. Азийн орнуудад тархсан учир манай улсад амьдрах боломжтой гэж үзсэн ч мөн л бүртгэгдэж байгаагүй гэнэ. Сонирхуулахад, уг загас хайрсгүй “нүцгэн” гэдгээрээ алдартай аж.
•Биологийн шинжлэх ухааны профессор А.Дашдорж microphysiogobioa nudarini (монгол нэр өгөөгүй) зүйлийн загасыг Дорнод аймгийн Буйр нуур орчимд тархсан болохыг анх тогтоосон ч судлаагүй гэнэ.
•Монголын хамгийн том загас шивэр хилэм бөгөөд Сэлэнгэ мөрний сав газраар тархжээ. Байгал нуурт бие гүйцсэн шивэр хилэм хоёр метр урт, 200 килограмм жинтэй болдог гэнэ. Харин манай орны хувьд хамгийн том нь 1.7 метр урт гэж бүртгэжээ. Тул хэмжээгээрээ хилмийн дараа орох бөгөөд 1.8 метр урт, 45-80 кг жинтэй. Голын ус найман хэмийн дулаан болох үед ширүүн урсгалтай хэсгийг нь сонгон түүний ойр орчмын хайрга, чулууны ёроолд түрсээ шахдаг аж.
Хамгийн жижиг биетэй нь халбаган жараа (rho¬deus sericeus). Хэрлэн, Онон, Халх гол, Буйр нуур болон сав газарт нь тархсан халбаган жараа нь 10-13 сантиметр урт, 20-85 грамм жинтэй. Хоёр настайдаа гурван см урттай болж, үржилд ордог.
•Хөвсгөл нуур болон түүний томоохон цутгал голуудад тархсан хөвсгөл хадран (thy¬mallus nigrescens) 5-6 насандаа бие гүйцэж, 35 см урт, 310 гр жинтэй болдог байна. Дунджаар 11 наслах бөгөөд нуурын гүнд тархсан нь хөвөгч амьтан, эргийн дагуу амьдардаг нь хуурай газрын шавжаар хооллодог. Бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй гэсэн зэрэглэлд хамаардаг.
•Мөнгөлөг хэлтгийн үржлийн үе нь бусад загасныхаас ихээхэн онцлог. Сүргийн дийлэнхийг эмэгчин эзлэх бөгөөд эрэгчин нь маш ховор, зарим тохиолдолд огт байхгүй үе ч бий. Мөргийн овгийн загаснуудаас хэлтэг нь үр тогтоох чадвар хамгийн багатайг судлаачид тогтоожээ. Тиймээс сахалт эрээлж, чимхүүр, нүцгэн жарааны сүнгээр (эр бэлгийн эс) мөнгөлөг хэлтгийн түрсэнд үр тогтдог. Ингэж үр тогтсон түрсийг эмэгчин нь бойжуулдаг аж.