Америкийн “Pfizer”, Германы “Biontech” компаниудын хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг Их Британид хэрэглэхийг зөвшөөрчээ. Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хүн амыг вакцинжуулах ажил ирэх долоо хоногоос эхлэх аж. "Засгийн газар өнөөдөр “Pfizer”, “BioNTech” компаниудын “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх тухай Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын хараат бус агентлагийн (MHRA) зөвлөмжийг баталлаа. Үндэсний эрүүл мэндийн алба өргөн хүрээний вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон жилийн туршлагатай бөгөөд вакцин хийлгэх эрхтэй бүх хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлэх бэлтгэлээ базааж эхэллээ" гэж мэдээнд дурджээ. Pfizer болон BioNTech компаниуд COVID-19 эсрэг вакцинаа Европын Холбоонд бүртгүүлэх хүсэлтээ өчигдөр гаргасан байна.