Австрали, Энэтхэг, АНУ, Япон гэсэн холбоотон дөрвөн улс Энэтхэгийн далайд өнгөрсөн арваннэгдүгээр сард тэнгисийн цэргийн сургуулилалт хийсэн. Үүнд хөлөг болон шумбагч онгоц, нисдэг тэрэг, нисэх онгоц, бусад техник оролцжээ. Энэ нь QUAD буюу Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах дөрвөн талт яриа хэлэлцээнд оролцогч орнуудын хамтарсан анхны сургуулилалт биш гэнэ. Нэгдсэн нарийн бичгийн дарга нарын газаргүй ч QUAD-ыг Азийн НАТО гэх болсон аж.
Энэтхэг болон АНУ 1992 оноос “Малабар” сургуулилалтаа хийж эхэлжээ. Дөрвөн талын анхны сургуулилалтыг 2007 онд хийсний дараа Бээжин эсэргүүцсэний улмаас Япон, Австрали оролцохоо түр азнасан байна. Тэд худалдааны гол түнштэйгээ харилцаагаа муутгахгүй байхыг илүүд үзэж, QUAD-ын яриа хэлэлцээгээ түр зогсоосон гэнэ. Харин 13 жилийн дараа энэ онд уг дөрвөл бүрэн бүрэлдэхүүнээр сургуулилалтаа хийв. Австрали оролцсоны ачаар хамтарсан ажиллагаа явуулсан байна. Өнгөрсөн долдугаар сард “Economic times” сонинд бичсэнээс үзвэл Энэтхэг улс Ладакх бүс нутагтаа Хятадтай хилийн маргаантай байгаа үедээ Австралийн талд урилга илгээхээр шийдсэн аж. Энэ онд Шинэ Дели болон Канберра ложистикийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр талын харилцаагаа стратегийн бүх талыг хамарсан түншлэлийн хэмжээнд хүргэсэн юм.
“Талууд Энэтхэгийн болон Номхон далайн чөлөөтэй, нээлттэй бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар нэгдмэл гэдгээ харуулах, тэнгис дэх Хятадын өсөн нэмэгдэж буй идэвхэжлийг тогтоон барихыг улс орнууд хүсэж байна” гэж сургуулилалт эхлэхийн өмнө Японы NHK телевиз мэдээлжээ.
QUAD-ын бараг бүх гишүүн Бээжинтэй харилцаа сайнгүй. Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй Вашингтон БНХАУ-ыг Америкийн гол өрсөлдөгчөөр зарласан. Энэ нь худалдааны дайн, технологийн өрсөлдөөнөөр илэрдэг. АНУ Тайваньд цэргийн тусламж илэрхий үзүүлж, Хонконгийн эсэргүүцэгчдийг дэмждэг. Харин Цагаан ордны ирээдүйн тэргүүн Жозеф Байден Хятадын чиглэлээр ямар бодлого баримтлах нь тодорхойгүй байна.
Бусад гишүүний хувьд гэвэл Бээжин болон Токио Дорнод Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн маргаантай, Энэтхэг, Хятадын харилцаа өнгөрсөн зун болсон хилийн мөргөлдөөний улмаас хурцадсан.
Канберрагийн хувьд, Бээжин саяхан Австралийн үхрийн мах, үр тариа болон бусад барааны импортод хориг тавьсан билээ. Энэ нь коронавирусийн цар тахлын улмаас Хятадыг хариуцлагад татахыг Канберра шаардсантай холбоотой байж болзошгүй. Хятадаас худалдаанд хориг нэмж тавина гэдэгт Австрали эргэлзэхгүй байгаа гэнэ. БНХАУ-ын эсрэг хуримтлагдсан асуудлууд нь дөрвөн улсыг эвсэхэд хүргэжээ. Харин сүүлд болсон сургуулилалтын талаар Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр үг хэлэхдээ “Дөрвөн улсын цэргийн ажиллагаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангана хэмээн бид найдаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл “Global times” сонинд “Азийн НАТО-гийн” сургуулилалт Хятадын хөгжлийг тогтоон барихад чиглэсэн хүчин чармайлтуудын нэг хэсэг” гэж бичжээ. Тус сонины ерөнхий редактор Ху Сизинийн хэлснээс үзвэл Ж.Байдены засаг захиргаа Хятадтай сөргөлдсөн Энэтхэгийн болон Номхон далайн хамтын ажиллагаанаас татгалзаж, Ази, Номхон далайн стратеги руу шилжих хэрэгтэй гэсэн байна.
Гэсэн ч QUAD-ын зарим оролцогч буюу Токио, Канберра 14 орны багтаасан, Хятад тэргүүтэй чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгджээ. Тиймээс ойрын ирээдүйд дөрвөл сургуулилалтаа цэргийн бус, дипломат чиглэлд ашиглах бололтой.