Ираны цөмийн инженер Мохсен Фахризадегийн сансрын удирдлага бүхий зэвсгээр хөнөөсөн гэж “Al-Alam” суваг мэдээлэв. "Эрдэмтнийг алахад ашигласан зэвсгийг Израиль улсад үйлдвэрлэсэн бөгөөд хиймэл дагуулаар удирдсан байна" гэж тус сувгийн эх сурвалж мэдээлсэн байна.
Мохсен Фахризаде нь өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт /2020.11.27/ нийслэл Техран хотын ойролцоо халдлагад өртөж, амиа алдсан билээ. Тэрээр Ираны Батлан хамгаалах яамны судалгаа, инновацийг зохион байгуулах ажлыг хариуцаж байсны зэрэгцээ тус яамны дэд даргын алба хашиж байсан аж. Fars агентлагийн мэдээлснээр түүнийг Ниссан автомашинаас алсын удирдлагатай зэвсгээр 150 метрийн зайнаас буудсан байна. Одоогоор эл халдлагыг Израилын тусгай албад гүйцэтгэсэн гэж Ираны эрх баригчид үзэж байгаа юм. Ингэхдээ Израилийн тусгай алба бусад орны тагнуулын албыг татан оролцуулж зохион байгуулсан байж магадгүй гэж Ираны Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны албан ёсны төлөөлөгч Абольфазль Амуйи мэдэгдсэн байна.