Ираны нутаг дэвсгэр дээр уран баяжуулах түвшнийг нэмэгдүүлэх боломжийг тусгасан хуулийн төслийг хэлэлцэх хугацааг түргэтгэхийг тус улсын парламент зөвшөөрчээ. Энэ тухай “Tasnum” агентлаг мэдээлэв. Түүнчлэн уг хуулийг батлах эцсийн санал хураалтыг Лхагва гарагт хийж магадгүйг агентлаг тэмдэглэжээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг түргэвчлэх шийдвэр тус улсын цөмийн эрдэмтэн Мохсен Фахризадын амь насанд халдаж хөнөөсний дараа гарсан байна. Мохсен Фахризад нь Ираны Батлан хамгаалах яамны дэргэдэх судалгааны төвийг удирдаж байжээ. Хууль батлагдсан тохиолдолд Ираны Засгийн газарт жилд дор хаяж 120 кг ураныг (20% хүртэл баяжуулсан) үйлдвэрлэх үүрэг хүлээх юм байна.. Үүнээс гадна тус улсын эрх баригчид нэг жилийн дотор Натанз, Фордоу дахь цөмийн байгууламжуудад нэг мянган центрифуг нэмж ашиглалтад оруулах ёстой аж. Мөн цөмийн гэрээнд гарын үсэг зурсны дараа зогсоогоод байсан Арак дахь цөмийн реакторыг сэргээн босгох төслийг нэн даруй эргээд үргэлжлүүлэхийг уг хуульд заажээ. JCPOA-ийн дагуу Тегеран цөмийн судалгааг энх тайвны зорилгоор хийхийн тулд Арак дахь реакторыг өөрчлөх амлалт авсан юм. Гэрээний дагуу Ираны эрх баригчид энэхүү реакторын цөмийг устгасан ажээ. Баасан гарагт /2020.11.26/ “Fars” мэдээллийн агентлаг Дамовенд хотын ойролцоо Мохсен Фахризадын амь насанд халдсан тухай мэдээлсэн. Дараа нь Батлан хамгаалах яам эрдэмтнийг шархдаж улмаар эмнэлэгт нас барсан болохыг баталсан юм. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани энэхүү аллагад хариу үйлдэл үзүүлэхээ Бямба гарагт мэдэгджээ.