Их Британийн эм зүйн “AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан коронавирусийнн эсрэг вакцины үр дүн эргэлзээ төрүүлсний дараа тус компанийн тэргүүн Паскал Сорио нэмэлт туршилтын шат явуулж магадгүй тухай мэдэгджээ. "Бид вакцины арай илүү үр нөлөөг олж тогтоосон бөгөөд үүнийгээ баталгаажуулах шаардлагатай байгаа тул нэмэлт туршилтын шат явуулах хэрэгтэй байна" гэж тэрбээр “Bloomberg” агентлагт ярьжээ. Түүний ярьж буйгаар энэ нь "олон улсын өөр нэг судалгаа" байж болох ч арай бага хүрээг хамарч магадгүй аж. "Туршилт цаг хугацааны хувьд ч хамрагдах хүрээний хувьд хурдан байх болов уу. Учир нь бид үр дүн нь өндөр байгааг мэднэ" гэж Сорио мэдэгджээ. Өнгөрсөн Даваа гарагт компани вакциныхаа сүүлчийн шатны туршилтын үр дүнг нийтэд танилцуулсан юм. Туршилтаар шинэ вакцин нь 70 хувийн үр дүнтэй дархлаа тогтоож байгааг зарласан юм. Оксфордын эрдэмтэдийн тайланд өгүүлснээр туршилтыг хоёр горимд явуулсан бөгөөд горим тус бүрийн үр дүн өөр гарсан байна. Эхний бүлэг сайн дурынханд сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан гэнэ. Дараа нь цөөн тооны өөр бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүнд хүрчээ. Гэхдээ хагас тунтай горим анхнаасаа төлөвлөгөөнд байгаагүй, хэмжилтийн алдаанаас санамсаргүй гарч ирсэн аж. Санамсаргүй тохиолдлоор хийсэн хагас тунтай туршилтад ердөө 2,300 хүн оролцсон байна. Харин эрдэмдэт үүнийгээ төлөвлөгөөний дагуу явагдсан туршилт гээд дундаж үр дүнг 70 хувь гэж нийтэд зарлажээ. Үүнээс гадна 90 хувийн үр дүнтэй болсон хоёр дахь бүлэг хүмүүсийн туршилтад зөвхөн 55 хүртэл насныхан оролцсоныг “Bloomberg” агентлаг АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын захиргааны зөвлөх Монсеф Слоуиг иш татан мэдээлсэн юм. Үүний дараа Оксфордын их сургууль туршилтын үр дүнд алдаа гарсныг хүлээн зөвшөөрөөд эрх баригчдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл нэмж өгөхөөр ажиллаж байгаагаа мэдэгджээ.Судлаачид Оксфордын вакцин ийм эргэлзээтэй үр дүнтэй байгаа тохиолдолд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авч чадахгүй гэж дүгнэжээ.