Дэлхийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг, дэлхийн аварга, Итали, Испанид болсон УЕФА-гийн цомын эзэн Диего Марадона 60 насандаа таалал төгсжээ. Тамирчин энэ арваннэгдүгээр сарын эхээр тархины мэс заслыг амжилттай хийлгээд гэртээ гараад байжээ. Марадонагийн өмгөөлөгч хөлбөмбөгчнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгдэв. 1986 онд Мексикт болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний дараа Марадонагийн нэр дэлхийд түгсэн билээ. Уг тэмцээнд тэрбээр Аргентины шигшээ багийн ахлагчаар оролцон түрүүлсэн бөгөөд хагас шигшээ тоглолтын үеэр Английн шигшээ багийн хаалганд “Бурхны гар” хэмээх алдарт гоолоо хийжээ. Марадона Аргентины үндэсний шигшээ багт 91 удаа тоглохдоо 34 гоол хийж, дөрвөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцсон аж. Мөн Испанийн “Барселона”, Италийн “Наполи” клубүүдэд тоглохдоо Serie A лигийн хоёр удаагийн аварга болж байв. Марадона 1997 онд 37 настайдаа хөлбөмбөгийн спортоос зодог тайлсан юм. Домогт тамирчныг нас барсантай холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч Альберто улс даяар гурван өдрийн гашуудал зарлажээ.