Умард Ирландын зөрчилдөөнийг шийдвэрлэхэд оролцсоныхоо төлөө 1998 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Ольстерын (Умард Ирланд) Юнионист намын дарга асан Дэвид Тримбл Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Зайед Аль Нахаян нарыг 2021 оны энхтайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэ тухай Израилийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлэв. “Нобелийн энх тайвны шагналтан Лорд Дэвид Тримбл өнөөдөр [2020 оны 11-р сарын 24-ний Мягмар гараг] Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Абу Дабигийн угсаа залгамжлах ханхүү Мохаммад бин Зайед нарыг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүллээ Нобелийн шагналын хорооны дүрмийн дагуу Лорд Тримбл нь Нобелийн энх тайвны шагналтан тул Ерөнхий сайд нэр дэвшүүлэх түүний шийдвэрийг тус хороо авч хэлэлцэнэ" гэжтус албаны мэдэгдэлд дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 8 дугаар сарын 13-нд “Твиттер” хуудсандаа Израиль, АНЭУ хоорондын харилцааг хэвийн болгохоор Биньямин Нетаньяху, Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж нартай тохиролцсон тухайгаа мэдэгдсэн юм. 9-р сарын 15-нд Вашингтонд Израилийн тал АНЭУ, Бахрейнтай энх тайван тогтоох баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Нетаньяху энэ үйл явдлыг Араб-Израилийн мөргөлдөөнийг эцэс болгоход тус дөхөм болох "түүхэн дэх эргэлтийн цаг мөч" хэмээн мэдэгджээ. Палестин эл тохироцоог эрс эсэргүүцсэн юм. 10-р сарын 23-нд энэхүү гурван талт хэлэлцээрийн хүрээнд Судан, Израиль хоёр харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон тухай Трамп мэдэгдсэн.
Энх тайвны шагналыг Нобелийн гэрээслэлийн дагуу "ард түмнийг нэгтгэх, идэвхтэй армийн тоог багасгах үйл хэрэгт хамгийн их амжилтад хүрсэн эсвэл бусдаас ихийг хийсэн хүнд, түүнчлэн энх тайвны их хурал зохион байгуулж, түүндээ дэлхийн анхааралыг хандуулсан” ажилд олгодог. Сүүлийн жилүүдэд дээрх тодорхойлолтыг нэлээд өргөн хүрээнд тайлбарлаж шагнал олгох болсон хорооны шийдвэр шүүмжлэлд өртөх болсон. Шагналын эздээр төрөл бүрийн салбарт гавьяа байгуулсан улстөрчид, хүний эрхийн хамгаалагчид, улс төрийн идэвхтнүүд, хүмүүнлэгийн байгууллагууд тодрох болсон.
2020 оны Нобелийн энх тайвны шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөртт өгчээ