Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар олон асуудал зохицуулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэ тухай NHK суваг мэдээлэв. Токио хотод Мягмар гарагт /2020.11.24/ болсон уг уулзалт нэг цаг гаруй үргэлжилсэн байна. Хоёр талын тогтвортой харилцаа нь бүс нутаг, дэлхий дахины хамтын нийгэмлэгт туйлын ач холбогдолтой гэдгийг Японы сайд уулзалтын үеэр онцолжээ. Мөн Япон, БНХАУ нь хариуцлагатай томоохон орнуудын хувьд коронавирусний цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Ноён Тошимицугийн үзэж буйгаар, ийм чиглэлд хүчин чармайлт гаргах нь хоёр талын харилцаа бэхжихэд хувь нэмэр оруулах ажээ. Мөн тэрбээр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улстай холбоотой асуудлуудын талаар илэн далангүй хэлэлцэхийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад уриалжээ. Үүний хариуд Ван И, хоёр хөрш орон нь хамтын ажиллагааг урт хугацааны турш өрнүүлсээр ирсэн бөгөөд стратегийн харилцаа холбоог хэвээр хадгалах хэрэгтэй гэжээ. Мөн цар тахал дэгдсэн энэ үед талууд биечлэн уулзаж буйг ихээхэн ач холбогдолтой хэмээн онцлонсон байна. Уулзалтаар талууд хоёр орны хоорондын бизнес аяллыг энэ сарын сүүлээс сэргээхээр тохиролцсон бөгөөд бизнес эрхлэгчдэд 14 хоног тусгаарлагдах шаардлага тавихгүй ажээ.
Эргэн сануулахад, Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаану тул Япон, БНХАУ хоёр харилцаа таагүй байгаа юм.