1979 онд одоогийн Казахстан Улс тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд ордог байлаа. Тэр үеийн нийслэл нь Алма-Ата нь дунд Азидаа хамгийн том бас үзэсгэлэнтэй хот байсан бөгөөд хэдэн арван томоохон дагуул хотуудтай байв. Жамбул хот тэдгээр дагуул хотын нэг. Энд хасаг, чантуу, солонгос, орос, герман гээд олон үндэстэн эрт дээрээс амьдарсаар иржээ. Хөвөн ургуулах нь хөвөн ургуулж, ногоо тарих нь ногоо тарин өөр өөрсдийн үндэстний аж ахуйгаа хөгжүүлэн хөтөлнө. Харин хүүхэд багачууд үндэстэн ястнаараа ялгаралгүй нэгэн тоглоом тоглох дуртай нь шагай аж. Манай шагай харвахтай тун адил ч хясаагаа нясалж биш харин шиддэг аж.
Жамбул хотын захад оршдог Фабричная хэмээх тосгонд шагай тоглож байсан хүүхдүүдийн нэг нь хүчээ тооцолгүй хясаагаа хэтэрхий хол шийдчихэж. Ингээд хясаагаа хайж явсан хүү нэгэн аймшигтай зүйлийг олж тэр хавиар нэг орь дуу тавьжээ. Хагас цагийн дараа ирсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн хүртэл тэрхүү зүйлийг хараад цочирдсон гэдэг. Хашааны хана эгнүүлэн тавьсан хогийн төмөр контейнэрүүдийн нэгэнд хүний тастсан толгой, цээжин хэсэг байх нь тэр. Өөр нэг хогийн савнаас хоёр хөл нь гарч. Зэрэмдэглэгдсэн цогцос залуухан эмэгтэй хүнийг гэдэг нь тогтоогдов. Эрэл сүүлийн саруудад сураггүй болсон нэрсийн жагсаалтаас эхлэв. Удалгүй хохирогч нь орон нутгийн нэг байгууллагын нягтлан бодогч 24 настай Наталья Ерохина байсныг тогтоожээ. Хоёр долоо хоногийн өмнө сураггүй болсон түүнийг хамгийн сүүлд түүнийг ажлаа тараад гэр лүүгээ явахыг ажлынх нь л харсан байв. Хамт ажилладаг хүмүүс ойр дотнынхныг нь нэг бүрчлэн судалж үзээд сэжигтэй төрүүлэх зүйл нэгийг ч олсонгүй. Бүсгүйг дээрмийн хохирогч болж хэмээн үзэж болох ч цогцсыг мөчлөх шаардлага бий гэж үү. Шинжээчдийн гаргасан дүгнэлтэд “цогцсын зөөлөн хэсгийн хурц зүйлээр огтолж авсан” гэсэн доогуур нь зурж тодосгосон нэг үзүүлэлт цагдаагийнхны анхаарлыг ихээр татсан байна. Мөрдөгчдийн нэг нь “хүний махаар хооллогч гарч ирж” гэсэн дүгнэлтийг бусад нь бараг доог тохуу хийх нь холгүй юм болж. Гэхдээ гэмт этгээд сэтгэцийн өвчтэй хүн байна гэдэгт бүгд санал нэгтэй байлаа. Тиймээс ийм төрлийн сэтгэцийн өвчтэй хүн дахин аллага үйлдэх нь ойлгомжтой тул түүнийг яаралтай илрүүлэн баривчлах нь чухал.
Мөрдөгчдийн болгоомжлол хоосон зүйл байсангүй.Жамбул хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт бүртгэлтэй хүмүүсийг судалж байх хооронд өөр нэгэн эмэгтэйн сураггүй болсон мэдээ ирэв. Фабричная тосгоны Анаа Хэглер гэдэг герман бүсгүй халуун усанд орох гэж яваад алга болчхож. Хамгийн сонирхолтой нь халуун усны газар нь алга болсон бүсгүйн гэрээс ердөө гучин метрийн зайтай оршдог. Тэрүүхэн зайд бүсгүй хаашаа алга болж болох вэ? Бүсгүйн зэрэмдэглэсэн цогцос гурав хоногийн дараа тосгоны захын жалганаас олдлоо. Энэ хэргээс хойш Фабричная тосгоны ойр орчмоос залуу бүсгүйчүүдийн цогцос ар араасаа олдох болж, оршин суугчид айдас хүйдэст автлаа. Шинжээчдийн дүгнэлтээр хохирогч бүсгүйчүүдийг эхэлж боож алаад, заримыг нь хүчиндэж, дараа мөчилсөн байв. Мөн бүгдийнх нь биеийн зөөлөн хэсэг үгүй болсон байлаа. Хүний махаар хооллодог алуурчин гарч ирсэн нь гарцаагүй болов.
Нэгэн үдэш тосгоны оршин суугч Савельевын гэрээс аймшигт хашхираан хаджээ. Аюултай нөхцөл байдалд орж үзсэн хүн тусламж ирэх тэр мөч эцэс төгсгөлгүй мэт санагддаггыг мэдэх буй за. Цагдаагийн дуудлага хамгийн удаандаа 15 минутын дараа ирдэг гэсэн судалгаа байдаг. Гэвч аймшигт алуурчинтай нүүр тулгарсан үед хүний амьдрал хормын төдийд шийдэгддэг аж. Савельевын охин 14 настай Оля шөнө дундын үеэр нэгэн чимээнээр сэржээ. Чимээ зочдын өрөөнөөс гарч байв. Аймшигт махчин-алуурчны тухай тосгон даяар ярих болсон тул охин босоод өрөөнийхөө хаалгыг түгжчихэж. Тэгээд тэр даруй цагдаагийн дуудлага өглөө. Хэн нэгэн хаалганы бариулаас угзчиж байгаад болив. Эмээ ээж хор нь яасан бол. Анир чимээгүй айдсыг улам хүчтэй болгоно. Гэтэл хаалгыг зөөлхөн тогшив. Ээж хэмээн охин бодоод ухасхийн хаалгаа тайлах гэтэл хананд өлгөөсэй цаг 12 болж байгааг зарлан хөхөө шувуугаа донгодуулах нь тэр. “Цагдаагийн дуудлага өгснөөс хойш ердөө л хоёрхон минут өнгөрсөн байна” гэж охин бодоод хаалгаа онгойлгосонгүй. Үе удам дамжин ирсэн эртний цаг охины амийг аварчээ. Ердөө таван минутын дараа Савельевынд ирсэн цагдаагийнхныг аймшигтай дүр зураг угтлаа. Зочны өрөө нь цусанд будагдаж шалан дээр Оля охины эмээ ээж хоёрын зэрэмдэглэгдсэн цогцос хэвтэх аж. Махчин тэднийг мөчилж амжаагүй ч биеийн бүх зөөлөн хэсгийг шулж авсан байлаа. Хэргийн газраас цустай хурууны хээ олдсон нь энэ цуврал аллагын анхны ул мөрийн баримт байв. Харамсалтай нь эл хурууны хээ цагдаагийн архивт бүртгэлгүй аж. Тэгэхээр алуурчин өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн үг.
Жамбул хотын цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ нойр холгүй ажиллаж байлаа. Дараагийн аллага удаан хүлээлгэсэнгүй. Энэ удаа гэмт этгээд хамгийн том алдаагаа гаргасан аж. Хохирогч Айнагуль Бабаева гэдэг 18 настай залуухан бүсгүй Алма-Ата хотын бахархал төдийгүй дэлхийд гайхагдсан Медея мөсөн талбайд гулгах гэж яваад алга болжээ. Мөсөн гулгуурын талбай дээр бүсгүй өндөр нуруутай нүдэнд дулаахан ази төрхтэй залуутай танилцсаныг хамт явсан найз нар нь харжээ. Айнагуль найз нартайгаа хамтдаа харина гэж тохирсон ч өөрөө хэл ус ч өгөлгүй алга болжээ. Цагдаагийнхан “Медея” мөсөн талбайн ойр орчмыг бүтэн хоёр нэгжээд охиныг олсонгүй. Айнагуль тэр үед амьд гэхдээ өөр газар байсныг тэд яахан мэдэх билээ.
Фабричная тосгоны нэгэн айлд хэдэн эрчүүд ууцгааж байлаа. Эрчүүд уухаараа давардаг зангаараа архи нь дуусахад гэрийн эзэн жоорны шил архиа авчрахаар нөгөө өрөө рүүгээ явжээ. Хүлээж ядсан зочид гэрийн эзний хойноос нөгөө өрөө рүү нь ортол аймшигтай зүйлийг олж харжээ. Архи нь гартлаа айж цочирдсон гурван эр цагдаагийн хэлтэс дээр хашхичиж орилсоор ирсэн байна. Дуудлагын дагуу очсон цагдаа нар аллага гарсан гэх байшин руу нэвтрэн ороход унтлагын өрөөний шалан дээр мөчилсөн эмэгтэй хүний цогцос байхын хажуугаар дэргэд нь гэрийн эзэн болох согтуу эр цогсоны зөөлөн хэсгийг шулаад сууж байх нь тэр. Алуурчныг баривчлахад тэрбээр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй хирнээ гадаа гарсан хойноо цагдаагийн ажилтны гараас мултран зугтаж чаджээ. Согтуу эрээс тийм овсгоо бас асар их хурд гарна гэж хэн ч бодоогүй аж. Түүний хойноос хөөгөөд барьж чадаагүй байна. Гэмт этгээд нь Николай Жумагалиев гэгч хасаг эр аж. Харин хохирогч нь “Медея” мөсөн талбайгаас алга болсон Айнагуль Бабаева болох нь тогтоогджээ. Тосгоны захад Жумагалиевын хамаатнууд амьдардгийг олж тогтоосон мөрдөгчид түүнийг тэр хавьд нуугдаж байгааг зөнгөөрөө мэдрээд байлаа. Ингээд хамаатнуудынх нь гэрт нэгжлэг хийлээ. Ажиллагаа бүтэлгүйтэхийн даваан дээр эл хэргийг эхнээс нь мөрдсөн мөрдөгч нэгэн зүйл анзаарсан байна. Шалны мод хуучирсан байсан ч хэсэг газрын хадаасны тав цоо шинээрээ байжээ. Ингээд тэр хэсгийн шалыг хуултал доор нь алуурчин нуугдаж байх нь тэр.
Хэрэгтэн анхны байцаалтаар л бүх хэргээ хүлээсэн байна. Николай Жумагалиев жирийн гэр бүлд эрүүл саруул өсөж торнисон аж. Тэрбээр 1975 онд цэргээс халагдаж ирээд дээд сургуульд орох гэсэн ч элсэлтийн шалгалтаа давж чадсангүй. Ингээд амьдрал үзэхээр Сибирийг зоржээ. Тэнд Николай цахилгаан станцад, усан онгоцонд, геологийн эрэл хайгуулын багт гээд маш олон газар ажиллаж ёстой л амьдралыг олон талаас нь үзжээ. Харин хайр дурлалын хувьд тун ч бүтэлгүй нэгэн байлаа. Жумагалиев үнэнч бүсгүйтэй учирч түүнтэйгээ гэрлэн олон хүүхэд төрүүлж сайхан гэр бүл болохыг мөрөөддөг байж. Харамсалтай нь түүнтэй учирсан бүсгүйчүүд бүгд хөнгөмсөг эмэгтэйчүүд байлаа. Учирсан эмэгтэй болгон нь түүний араар тавьж эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлийг нь аажмаар төрүүлсээр байж. Амьдралд итгэл алдарсан Жумагалиев 1978 онд нутагтаа эргэн иржээ. Удалгүй тэрбээр даруухан бас царайлаг нэгэн бүсгүйтэй танилцаж. Никалай тэрхүү бүсгүйд баглаа цэцэг бэлэглэн, кинонд дагуулж, зоогийн газар дайлж удаан ч эргүүлж. Гэтэл нэг өдөр сэтгэлт бүсгүй нь өөр хүнд хайртай гэдгээ хэлжээ. Ингээд Жумагалиев нийгмийн хамгийн л бохир заваан зүйл эмэгтэйчүүдийн завхай зайдан явдлаас болж байна гэсэн хатуу ойлголттой болов. Ингээд ертөнцийг аврах “баатарлаг” үйлсээ эхлүүлсэн байна. Дээрээс нь түүний гарт далдын хүчний тухай нэгэн ном оржээ. Тэрхүү номд хүний амиар өргөл барьснаар бурхны хүчийг олж авдаг тухай бичсэн зүйлд Жумагалиев эргэлт буцалтгүй итгэжээ. Түүний гэрийн зоориноос олдсон модон торхонд хүний махыг давслаад дүүргэсэн байсан гэдэг. Хүний махыг өөрөө идээд зогсохгүй ирсэн зочид гийчдэд танилуудаа дайлдаг байжээ. Жумагалиев гэмт хэрэг үйлдэхдээ хэн нэгнийг тусгайлан сонгодоггүй байж. Хохирогч бүсгүйчүүд хэн нэгний гэргий, ээж гэдгийг асуудаг ч үгүй байв. Алуурчны бодлоор дээд хүчин хохирогчийг өөрөө сонгоод түүн дээр авчирдаг аж.
Махчин-алуурчныг сэтгэл мэдрэлийг нь шинжлүүлэхээр Москва руу явуулсан байна. Сэрбскийн нэрэмжит сэтгэцийн хүрээлэнгийн шилдэг эрдэмтэд Жумагалиевыг удтал судалсны эцэст нэгэн дүгнэлт гаргасан нь мөрдөгчдийн гайхшралыг төрүүлжээ. Эмч нарын дүгнэлтээр бол Жумагалиев нь сэтгэцийн өвчтэй бөгөөд хэрэг хүлээх чадваргүй аж. Дүгнэлт гаргахад коммунизм цогцлоож байгаа гүрэнд гаж донтон тэр тусмаа хүний махаар хооллогч байх учиргүй гэсэн үзэл суртал асар их нөлөөлсөн гэж одоо үздэг. Харин мөрдөгчдийн хувьд бол Николай Жумагалиев нь жинхэнэ гаж донтон цуврал алуурчин байлаа. Олон түмэн ч дургүйцлээ илэрхийлэх болов. Харин эмч нар Жумангалиевыг эдгэрэх шатандаа явж байгаа хэмээн итгүүлэхийг оролдож байлаа. 1989 онд буюу арван жилийн дараа Жумангалиевыг сэтгэл мэдрэлийн жирийн эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гарчээ. Гэтэл эдгэрч байгаа өвчтөн нь өөр эмнэлэг рүү явж байх замдаа оргох нь тэр. “Махчин- алуурчин” өвчтөний сураг тасарлаа.
Өнгөрсөн зууны наяад он хүртэл хүн төрөлхтөн захидлаар харилцдаг байв. Хүрэх газрынхаа хол ойроос шалтгаалаад дугтуйн дээрх маркны үнэ янз бүр байна. Үнэ нь хүрэхгүй эсвэл очих газрын хаяг буруу бол захидал явуулсан эзэндээ буцах аж. ЗХУ-ын нийслэл Москва хотын нэгэн шуудангийн салбарт нэгэн иймэрхүү захидал олджээ. Захидал алс хол Казахстаны Жамбул хот руу хаяглагдсан ч маркгүй байжээ. Харин буцах хаяг байхгүй бөгөөд зөвхөн нэр ус л бичсэн байв. Шуудангийн ажилчид захидлын эзний хаягийг олохын тулд цагдаагийн байгууллагад хандсан байна. Буцах хаягийн оронд Николай Жумангалиев гэж бичсэнийг хараад цагдаагийнхан мэл гайхжээ. Махчин-алуурчин оргоод хоёр сар болж байжээ. Аймшигт алуурчин олон сая хүнтэй хотод ирсэн бол түүнийг илрүүлэх нь асар хүндрэлтэй болох нь ойлгомжтой.Бичгийн хэлбэрийг шинжилтэл Жумангалиевынх мөн болох нь тогтоогдов. Алуурчин захидалдаа Москваг магтан шагшрахын зэрэгцээ нэг байтугай нэгжээд бүсгүй алга болсон ч тоохооргүй газар байна гэж аймшигтай зүйл бичсэн байлаа. Нэгэн сонинд Казахстаны аймшигт махчин ирсэн тухай нийтэлсэн нь том хотынхныг сандаргажээ. Жумангалиевд энэ л хэрэгтэй байв. Хэрэг дээрээ Жумангалиев Киргизийн уулаар орогнож байж. Хэрэв тэрбээр 1991 онд хонь хулгайлж байгаад баригдаагүй бол цагдаагийнхан түүнийг баривчилж чадах байсан эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ хугацаанд тэрбээр хэн нэгнийг хороож амжаагүй аж. Николай Жумангалиев нь одоо болтол сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа. Эмч нар түүнийг дөлгөөн тайван, үйлдэл нь эрэмбэ дараатай, эдгэрч байгаа бөгөөд нийгэмд аюул учруулахааргүй болсон хэмээн дүгнэж байгаа аж. Мөрдөгчид урьдын адил түүнийг нийгмээс тусгаарлах хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ.