Францын Сенат Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан тогтоолын төслийг хэлэлцэх аж. Энэ тухай сенатч Бруно Ретайо мэдэгдэв. "Бүгд Найрамдах Арцах Улсыг (Уулын Карабахын Армен нэр) хүлээн зөвшөөрөхийг санал болгох тогтоолыг Сенат энэ сарын 25-нд авч хэлэлцэнэ. Зөвхөн ийм статус л Туркийн исламист нөлөөг тэлэх үзэлтэй тулгарсан Уулын Карабахын оршин суугчдын эрх чөлөөг үүрд хамгаалж чадна" гэж тэрбээр Лхагва гарагт /2020.11.18/гарагт өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. Францын Сенатын тогтоолууд зөвлөмжийн шинж чанартай байдаг тул гүйцэтгэх засаглал эдгээрийг дагаж мөрдөх үүрэггүй юм. 1988 оны 2-р сард Уулын Карабахын автономит муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгдсэнээс хойш Баку, Ереваны хооронд тус бүс нутгийн өмчлөлийн талаар маргаан эхэлсэн юм. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр тус бүс нутагт нөхцөл байдал хурцадсан бөгөөд эвлэрэлийн гэрээ байгуулах гэсэн хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн юм. Өнгөрсөн долоо хоногт ОХУ, Азербайжа, Арменийн төр засгийн тэргүүн нар Уулын Карабах дахь байлдааны үйл ажиллагааг зогсоох мэдэгдэлд гарыг үсэг зурсан аж. Гэрээний дагуу Уулын Карабахад Оросын энхийг сахиулагчид орохтой зэрэгцэн тус бүс нутгаас Арменийн цэргүүд гарч, Азербайжаны тал эзэлсэн газраа үлдэхээр болсон. Үнээс хойш хэд хоногийн дараа ОХУ болон Туркийн Батлан хамгаалахын сайд нар Уулын Карабах дахь гал зогсоох дэглэмийг хянах Орос, Туркийн хамтарсан төв байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан тухайгаа мэдэгдсэн юм. ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн гишүүнийхээ хувьд АНУ болон Франц улс тус бүс нутагт энхийг сахиулах үйл ажиллагаанд Туркийн оролцоог тайлбарлахыг талуудаас шаардсан юм.