Германы Бундестаг халдварт өвчнөөс хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал хураалт явуулсныг эсэргүүцэн Берлин хотод олныг хамарсан жагсаал болжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж буйгаар эсэргүүцлийн жагсаалд 5-10 мянган хүн оролцжээ. г Эсэргүүцэгчид Рейхстангын ордон руу чиглэсэн ч цагдаа нар усан буу хэрэглэн жагсаалыг сарниулсан байна. Тус хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар хэдэн зуун эсэргүүцэгчид Бранденбургийн хаалганаас Германы ерөнхийлөгчийн өргөө рүү шилжсэн бөгөөд цагдаа нар анхны баривчилгаагаа явуулж нийт 365 хүнийг саатуулсан байна. Жагсаалыг хүчээр тараах үеэр 40 гаруй иргэн бэртэж тэдгээрийн дунд хууль сахиулах байгууллагын 10 албан хаагч байжээ. “Халдварт өвчнөөс хамгаалах тухай хууль” нь нийгмийн харилцааг хязгаарлах, маск зүүх, худалдааны төвүүдийг хаах, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглох мөн сургууль, цэцэрлэг хаах зэрэг боловсролын байгууллагуудад тавих бусад хязгаарлалтыг тогтоох шинэ арга хэмжээ авах эрх мэдлийг засгийн газарт олгож байгаа аж. Уг хууль нь дээрх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг биелүүлэхийг шаардах эрх зүйн бат үндэс болж байгааг хуулийн дэмжигчид үзэж байна. Харин зарим иргэд болон улс төрийн хүчин уг хуулийг 1933 онд Гитлерын удирдсан NSDAP (Германы Үндэсний социалист ажилчдын нам) -ын шахалт дор Рейхстагын баталсан Онцгой байдлын үеийн тухай хууль (Ermächtigungsgesetz) -д оруулсан нэмэлт өөрчлөлттэй харьцуулжээ. 1933 онд батлагдсан хуулиар иргэний эрх чөлөөг халж, онцгой эрх мэдлийг Рейхын канцлер Адольф Гитлерын удирдсан засгийн газарт шилжүүлжээ. Чухамдаа энэ хууль л Германд Үндэсний Социалистууд засгийн эрхийг булаан авах эцсийн шат болсон юм. Энэ сарын 18-ны байдлаар Герман улсад коронавирусийн халдварын 844,8 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 13 мянган хүн нас барсан байна.