Израилийн зэвсэгт хүчин Сирийн арми болон “Аль-Кудс” тусгай хүчнийхэнд цохилт өглөө гэж ЦАХАЛ (Израилийн Батлан хамгаалах арми) мэдэгдэв. Өмнө нь Сирийн SANA агентлаг Дамаскийг чиглэсэн Израйлийн пуужингийн цохилтыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин няцааж байгаа тухай мэдээлжээ. Сирийн армийнхны урьдчилсан дүгнэлтээр цохилт Голаны өндөрлөгөөс хийгдсэн байна. Цохилтын улмаас гурван цэргийн албан хаагч амь үрэгдэж, нэг хүн шархадсан бөгөөд эд материалын хохирол учирсан байна. ЦАХАЛ-ын мэдэгдэлд дурдсанаар Израиль, Сирийг заагладаг “Альфа” шугамын дагуу Израилийн арми руу довтлох зорилготой хэд хэдэн гар хийцийн тэсрэх төхөөрөмж суурилуулсны хариуд Израилийн зэвсэгт хүчин цохилт өгчээ. Израилийн тал Сирийн байгууламж руу байнга цохилт өгдөг бөгөөд үүнийгээ орчин үеийн зэвсэг дайснуудын гарт орохоос урьдчилан сэргийлж байгаагаар тайлбарладаг. Юуны түрүүнд тус бүс нутагт Башар Ассадын талд байлдаж байгаа Ливаны “Хезболлах” хөдөлгөөний тухай ярьж байгаа аж. Сири, Израилийн хооронд дипломат харилцаа байхгүй бөгөөд хоёр улс байгуулагдсанаасаа хойш дайны байдалтай байгаа юм. Тодруулбал, Голаны өндөрлөгүүдийн статусын талаар удаан хугацааны туршид маргалдаж байгаа билээ.