Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн тухай баримт бичигт гарын үсэг зурсан 15 улс манай гаргийн ДНБ-ий гуравны нэгийг хамарсан чөлөөт худалдааны тухай дэлхийн хамгийн том хэлэлцээрийн гишүүн боллоо. Үүнд Хятад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Япон, тэрчлэн Зүүн өмнөд Азийн 10 орон буюу Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин нэгджээ. Эл хэлэлцээрийн хүрээнд тус бүс нутаг дахь Хятадын нөлөө тэлснийг ажиглагчид тэмдэглэсэн байна.
Харин уг баримт бичигт АНУ орсонгүй. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигаар тус улс 2017 онд 12 гишүүн оронтой Номхон далай дамнасан түншлэлийн байгууллагаас гарсантай холбоотой юм. Америкийн Төрийн тэргүүн асан Барак Обама Бээжингийн нөлөө өргөжин тэлж буйн эсрэг тэмцэх хүрээнд тус байгууллагад нэгдсэн байжээ.
Вьетнамын нийслэлд явуулсан Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний цахим уулзалтын үеэр найман жил хэлэлцсэн баримт бичигт гарын үсэг зурсан аж. Цар тахлын уршигт нэрвэгдсэн үндэстнүүдийн эдийн засгийг дэмжихэд эл баримт тус болно хэмээн тус уулзалтад оролцсон удирдагчид найдаж байна.
Үйлдвэрлэгчдээ бага татварын улмаас хохирно хэмээн болгоомжлоод Энэтхэг улс өнгөрсөн онд хэлэлцээнээс гарсан аж. Гэсэн ч тус улсад үүд хаалга нээлттэй болохыг Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн гишүүн орнууд онцлон тэмдэглэжээ. Уг баримт бичигт зааснаар ирэх 20 жилд гишүүн орнууд нь хоорондоо оюуны өмч, теле харилцаа, интернэт худалдаа, мэргэжлийн болон санхүүгийн үйлчилгээний салбарын зэрэг импортын бараа, бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлэхээр болсон байна.