Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг луйвардсан хэмээн Төрийн тэргүүн Дональд Трамп нь мэдэгдсэнийг дэмжсэн олон мянган хүн Вашингтонд жагсжээ. Гэвч бүгд найрамдахчуудын штабаас гаргасан заргуудыг Америкийн шүүгчид няцаасаар буй нь Жозеф Байдены ялалтыг үгүйсгэх боломжийг улам бүр багасгаж байна. Үүний сацуу шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн баг засгийн эрхээ шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхийг шаардаж, танхимаа эхлэн байгуулах ажлаа үргэлжлүүлсээр буй. АНУ-ын цагаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ж.Байден Жоржиа, Аризона, Д.Трамп Умард Каролина, Аляска муж улсад ялжээ. Тийнхүү бараг бүх муж улсын санал хураалтын дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч 306 төлөөлөн сонгогчоос (ялахад 270 хангалттай) дэмжлэг авав.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИН ЖАГСЛАА
Ерөнхийлөгч Д.Трампын талынхны зарласан “Саячуудын марш”-д Вашингтонд л гэхэд хэдэн мянган хүн оролцож, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн баасан гаргийн оройноос нийслэлээ зорьсон америкчуудын зарим нь автобус түрээсэлсэн ч олонх нь бие даан хүрсэн аж. “Би Техас муж улсаас пүрэв гаргийн өглөө гарсан. Саяын сонгууль урьд өмнө байгаагүй зөрчилтэй боллоо. Ардчилсан намынхан Трампаас ялалтыг нь булаалаа” гэж сувилагч Трейси Ричардс ВВС-гийн сурвалжлагчид өгүүлжээ.
Жагсаал, цуглаан явуулах хүсэлтээ бүгд найрамдахчуудыг дэмждэг, олон нийтийн хэд хэдэн байгууллагаас гаргаснаас консерватив “Tea party” хөдөлгөөний гишүүн асан Эми Крэмер тэргүүтэй “Women for America first” бүлэгт цуглах зөвшөөрөл өгснөө Вашингтоны Цагдаагийн газар нотолсон байна. Уг баримт бичигт зааснаар бол Цагаан ордны ойролцоо 10 мянга орчим хүн цуглах ёстой байв. Гэтэл цагдаагийнхан Америкийн нийслэлийн төвийн хэд хэдэн гудамжийг хааж, машин нэвтрэхийг хориглон, хөдөлгөөнийг хязгаарлажээ. АНУ-ын янз бүрийн муж улсад зэвсэгтэй оролцсон “Proud boys” зэрэг барууны хэт үзэлтэй хэд хэдэн байгууллагын идэвхтнүүд эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Гэвч Вашингтонд зэвсэг ил авч явахыг хориглодог учраас хууль зөрчигчийг нэн даруй баривчлахаа цагдаагийнхан урьдчилан анхааруулсан аж. Нийгмийн сүлжээнүүдэд цуглааныг “Саячуудын марш”, “Хулгайгаа (санал) зогсоо”, “Трампыг дэмжсэн марш” хэмээн олон янзаар нэрлэсэн байв.
“ДАХИН ДӨРВӨН ЖИЛ”
Цагаан ордны өмнө цугласан хүмүүс Трампын сонгуулийн кампанит ажлын тугийг намируулж, “Дахин дөрвөн жил” хэмээн хашхирчээ. Үүний дараа хэдэн зуун жагсагч Дээд шүүхийн байр луу явсан гэнэ. Вашингтон хотын дарга заавал зүүх шийдвэр гаргасан атал жагсагчдын олонх нь амны хаалтгүй байв.
Ерөнхийлөгчөө дэмжигчид Нью-Йорк, Пенсильвани, Умард Каролина, Висконсин болон бусад муж улсаас нийслэлдээ иржээ. “Вашингтоны хүнд сурталтнууд сүүлийн жилүүдэд Трампын эсрэг тэмцэж байсныг энэ сонгууль нотоллоо. Ерөнхийлөгчөө дэмжихийн тулд энд ирэх ёстой болсон” гэж Мичиганаас ирсэн Лиса Левис мэдэгдэв. Трампын сонгуулийн хөх тугийг тэрбээр борооны цув болгон ашиглажээ. “Сонгууль шударга бус боллоо. Хууль ёсны санал бүрийг тоолох ёстой. Луйвар бүрийг шүүхээр хэлэлцэх нь зүйтэй” гэж Нью-Жерсигийн оршин суугч Николас Кан үзэж байна. Олон зөрчил гарсан тухай Ерөнхийлөгчийнхөө мэдэгдэлд итгэж буйгаа тэрбээр илэрхийлжээ. Жагсаал эхлэхээс хэдхэн цагийн өмнө Вашингтоны төвийн явган хүний замууд Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын бэлгэдэл бүхий бейсболын малгай, богино цамц, туг зарсан хүмүүсээр дүүрсэн байна. “Та нар туг худалдан авах ёстой. Та нарын дэмжлэгийг Ерөнхийлөгч харах ёстой” хэмээн тэдний нэг нь жагсагчдад хандан хашхирч байв.
ХАРИУ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ХҮРЭВ
Вашингтоны сонгогчдын 93 хувь нь Жозеф Байденыг, ердөө гурван хувь нь Дональд Трампыг дэмжжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан намын талын хэдэн арван төлөөлөгч хариу ажиллагаа зохион байгуулсан гэнэ. Цагаан ордны дэргэдэх “Black lives matter plaza” хэмээн нэрлэгдэх болсон талбайд 20-иод хүн “Трамп ялагдсан” хэмээн бичсэн хуудас барин зогсжээ. Үүний эсрэг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн талынхан “Сонгуулийг луйвардсан” хэмээн хашхирч байлаа.
Улаанбаатарын цагаар өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт жагсаалд оролцогчдыг Д.Трамп биечлэн угтаж магадгүй хэмээн мэдэгджээ. Маргааш өглөө нь Ерөнхийлөгчийн машины цуваа үнэхээр жагсагчдын хажуугаар өнгөрсөн гэнэ. Төрийн тэргүүнийг жагсагчид алга ташин угтаж, “Бид Трампыг хүсэж байна”, “Дахин дөрвөн жил” хэмээн хашхирчээ. Гэхдээ тэрбээр машинаасаа буулгүй Виржини дэх гольфын клуб рүүгээ явж, харин буцах замдаа тэрбээр машиныхаа цонхоор жагсагчид руу далласан байна.
ШҮҮХ НАЙДВАРЫГ ТАСАЛЖЭЭ
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Дональд Трамп ирэх дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллахгүй гэдгээ жагсаал, цуглаан эхлэхийн өмнө анх удаа мэдэгджээ. Гэвч маргааш нь твиттер хуудсандаа Жоржиа муж улсад шуудангаар илгээсэн саналын хуудсыг зөв тоолсон, эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдээд, “Эл гэмт хэргээ шалгаач” гэсэн байлаа. Үүний өмнө тэрбээр сонгуулийн үеэр луйвар орсон тухай өчнөөн бичсэн ч нэг ч нотолгоо гараагүй байна.
АНУ-ын цагаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сонгуулийн комиссын төлөөлөгчид мэдэгдэл хийхдээ өнгөрсөн сонгууль тус улсын түүхэн дэх хамгийн бат найдвартай нь байсныг тэмдэглэжээ. Хэдийгээр Д.Трамп Цагаан ордонд үлдэх найдвар бий хэмээн ярьж байгаа ч сүүлийн өдрүүдэд санал хураалтын дүнг өөрчлөх гэсэн түүний чармайлт гурван уналтын улмаас талаар боллоо. Аризона муж улсад Дональд Трампын хуульчид саналын хуудсыг дахин тоолуулахыг шаардсан заргаа татжээ. Тэнд Жозеф Байден ялсан нь эргэлзээгүй болсон аж. Хуулийн дагуу өгсөн саналын зарим хуудсыг хүчингүйд тооцсон учраас зарга мэдүүлсэн байжээ. Мичиганд шүүгчид Бүгд найрамдах намын хоёр ажиглагчийн мэдүүлсэн заргыг хүлээж аваагүй байна. Уэйн тойрогт луйвар орсон хэмээн тэд мэдэгдсэн аж. Тийм баримтыг хүлээн зөвшөөрвөл эрх баригчид нь тус муж улсын томоохон Детройт хотын санал хураалтын дүнг баталгаажуулах боломжгүй болох байв.
Пенсильвани муж улсын Филадельфи хотод шуудангаар явуулсан саналын хэд хэдэн багц хуудсыг хүчингүйд тооцохыг Д.Трампын штабаас шаардсаныг хүлээж аваагүй аж. Жоржиад хоёр нэр дэвшигчийн авсан саналын зөрүү маш бага ч дахин тооллого явуулах аж. Гэсэн ч энэ нь тус муж улсын санал хураалтын эцсийн дүнд нөлөөлөхгүй гэж Ж.Байдены баг үзэж байна. Урьд нь дахин тооллого хийсэн нь хэдэн зуун саналын зөрүүг (Ардчилсан намынхан 14 мянган саналын давуу байсан) арилгаагүй юм.
ЭРХ МЭДЛЭЭ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСААР БАЙНА
Гэсэн хэдий ч Дональд Трамп дарамт шахалтаа улам ихэсгэж, Ардчилсан намаас нэр дэвшигчийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй, засгийн эрхээ шинэ засаг захиргаанд шилжүүлэх ажлыг эхлүүлэх боломж олгохгүй байсаар байна. Эл үйл явцыг хариуцдаг Нийтлэг үйлчилгээний алба Жозеф Байден, Камала Харрис нарыг ялагчаар хүлээн зөвшөөрөхгүй, шинэ засаг захиргааг эмхлэн байгуулах хөрөнгө мөнгийг олгохгүй байгаа гэнэ. Ж.Байдены баг засгийн эрхийг шилжүүлэхийн өмнө мэдэх шаардлагатай, АНУ-д тулгарсан гол аюулуудын тухай тагнуулын нууц мэдээллийг аваагүй байна.
Энэ байдал нь Жозеф Байден улс орноо амжилттай удирдахад саад болж магадгүй гэж түүний төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ. “Хормын дотор асуудлыг шийдэхийн тулд хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэлтэй байх ёстой. Манай шинжээчид болон багийнханд ийм боломж олгох хэрэгтэй байна” гэж тэрбээр юуны түрүүнд, цар тахлын байдлыг хөндөж хэлэв. Үүнд Д.Трампын Тамгын газрыг 2017-2019 онд тэргүүлж байсан Жон Келли дуу хоолойгоо нэгтгэжээ. Шилжилтийн үед хугацаа алдах нь үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж болзошгүй гэж тэрбээр хэлсэн байна.
Өдөр тутмын нууц хуралдаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг оруулах уриалгыг дэмжиж буй бүгд найрамдахчуудын тоо цөөн хэдий ч аажмаар өсөж буй аж. Ж.Байден өчигдөр зөвлөхүүдтэйгээ уулзаж, улс төр, эдийн засгийн гол асуудлуудаар шийдвэр гаргажээ. Делавэрт дугуй унаж явсан түүнтэй сэтгүүлчид уулзаж, “Та танхимынхаа бүрэлдэхүүний талаар шийдвэрээ гаргасан уу” гэж асуухад, “Тийм” хэмээн хариулсан байна.