Азербайжаны мэдэлд орсон Уулын Карабахын газар нутгийн дэд бүтэц сүйдсэнийг Ереван хариуцна гэж тус улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгджээ. Тэрбээр Азербайжаны зэвсгэт хүчний хяналтад шилжсэн Физулин, Жебраил дүүргүүдээр зочлох үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. “Дайснууд бүх дэд бүтцийг сүйтгэжээ. Тэд үүнийхээ төлөө олон улсын шүүхэд хариуцлага хүлээнэ. Дахин давтаж хэлэхэд, бид энэ хэрэгт олон улсын байгууллага, шинжээчдийг татан оролцуулж, бүх хохирлыг тооцож, 30 жилийн нөхөн төлбөр шаардах болно” хэмээн Алиев хэлсэн байна. Энэ сарын 10-нд ОХУ, Азербайжан, Арменийн удирдагчид Владимир Путин, Ильхам Алиев, Никол Пашинян нар Уулын Карабах дахь байлдааны ажиллагааг бүрэн зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Энэхүү мэдэгдэлд дурдсанаар сөргөлдөгч хоёр тал тус бүс нутагт эзэлсэн байрлал дээрээ үлдэж, дараа нь хэд хэдэн дүүрэг Бакугийн мэдэлд шилжиж, Оросын энхийг сахиулагчид Карабахыг Арментай холбосон Лачины хоолойд байрлах болсон байна. Пашинян гэрээнд гарын үсэг зурах шийдвэр нь түүний хувьд туйлын хэцүү байсан гэжээ. Түүний үгээр бол баримт бичигт гарын үсэг зураагүй бол Армени үүнээс ч хүнд байдалд орох байх байсан гэнэ. Харин Алиев уг гэрээг Армений ялагдал гэж нэрлэжээ. Түүний хэлснээр, энэхүү тохиролцоо нь Азербайжанд туйлын ашигтай бөгөөд дайны үе шат дуусаж, улс төрийн асуудал руу шилжих болжээ.