АНУ-ын “Moderna” компаний гаргасан коронавирусийн эсрэг mRNA-1273 вакцин туршилтынхаа гурав дахь үе шатанд 94.5% үр дүн үзүүлжээ. Тус компанийн мэдэгдэлд өгүүлснээр туршилтад оролцсон 30 мянган хүний ердөө 95 хүнд л халдвар илэрчээ. Ингэхдээ 90 нь хяналтын бүлэг байсан бөгөөд тэдэнд плацебо буюу хуурамч эм өгсөн байсан гэнэ. Вакцинжуулагдсан таван хүн л хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол дээрх хяэалтын бүлгийн 90 хүний 11 нь халдвар авсан байна. “Moderna” компанийн онцолсноор туршилтад оролцогсдын ихэнх нь вакцинжуулалтыг ямар нэг сөрөг нөлөөгүйгээр давсан байна. Харин вакцин хийлгүүлсэн зарим хүнд булчин, үе мөч, толгой өвдөх, тариулсан газарт улайх зовууриуд илэрч байсан ч энэ бүх шинж тэмдгүүд удаан үргэлжлээгүй аж. Шинэ мэдээлэл гарч ирэхийн хэрээр вакцины үр дүнгийн талаарх үнэлгээ өөрчлөгдөж болзошгүй гэдгийг компани анхааруулжээ. Гэсэн хэдий ч ойрын үед АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн хяналтын газарт хандан, онцгой нөхцөлд mRNA-1273 вакциныг ашиглах боломж олгох зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа гэнэ. “Moderna” компани энэ оны сүүл гэхэд 20 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын хүн амын вакцинжуулалтад ашиглагдаж магадгүй аж. Мөн 2021 онд 500 саяас нэг тэрбум хүртэлх тун вакцин үйлдвэрлэхээр тооцож байгаа гэнэ.