Шведийн Хааны шинжлэх ухааны академийн Нобелийн ассамблей уламжлалынхаа дагуу физикийн салбарын шагналтнуудаа зарласан билээ. Тэд өнгөрсөн жилийн шагналтнуудын адил орчлон ертөнцийн тухай шинжлэх ухаанд чухал амжилтад хүрсэн эрдэмтэд аж. 10 сая кроны шагналын тэн хагасыг Оксфордын их сургуулийн математикийн ухааны хүндэт доктор, 89 настай Рожер Пенроуз авна. Харьцангуйн ерөнхий онол нь хар нүх үүсэхийн баттай таамаглал болохыг тэрбээр нээжээ. Шагналын үлдсэн хэсгийг одон орон судлаач, Германы иргэн Райнхард Генцель, Америкийн харьяат эмэгтэй Андреа Гез нар хуваах юм. Тэд манай галактикийн төв дэх асар том хэмжээтэй, нягт объектыг нээсэн тул шинжлэх ухааны ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналыг олгох болжээ. Тэнгэрийн энэ биет хүн төрөлхтөнд хамгийн түрүүнд тодорхой болсон объект бөгөөд ямар ч эргэлзээгүй хар нүх гэнэ. Энэ гурван эрдэмтэн хар нүхийг таамаг төдий бус, бодитой оршин буй биет гэдгийг нотлоход шийдвэрлэх хувь нэмэр оруулсан байна. Хар нүх гэдэг нь ер бусын их татах хүчтэй объект. Үүний төвөөс тодорхой зайд татах хүчийг нь юу ч, бүр гэрэл ч сөрж чадахгүй. Тиймээс ийм “мангас” руу ойртсон бүхэн эргэж ирэхгүйгээр хар нүхэнд “шингэж”, алга болдог гэнэ.
НОЁН ЗЭРЭГТЭЙ ФИЗИКЧ
Рожер Пенроуз Английн Эссекс гүнлэгийн Колчестер хотод 1931 оны наймдугаар сарын 8-нд мэндэлжээ. Түүний эцэг, эх өндөр боловсролтой байв. Ээж Маргарет Фит нь эмч, аав Лайонел Пенроуз сэтгэц, хүүхдийн эмгэг, ген, тэрчлэн шатрын онолд хувь нэмрээ оруулсан, Хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн гишүүн байсан аж. Рожер, түүний хоёр ах Оливер, Жонатан шинжлэх ухаанд амьдралаа зориулжээ. Оливер нь физикийн онолч, математикч, Жонатан нь сэтгэлзүйч, шатрын их мастер, эмэгтэй дүү Ширли нь Лондоны их сургуулийн анагаах ухааны сургуульд хавдрын ген судлаач профессороор ажиллаж байна.
Рожерын аав Лайонел 1939 онд гэр бүлээ АНУ руу гаргаж, дэлхийн II дайн эхэлсэн тул Англи руугаа буцахгүй байхаар шийдэв. Тэрбээр Канадын Онтарио мужийн Лондон хотын эмнэлэгт ажиллах урилга авчээ. Рожер тус хотын дунд сургуульд байхаас л математик сонирхдог болжээ. Түүний сонирхолд сургууль бус, гэр бүл нь нөлөөлсөн байна.
Аав нь Онтариогийн эмнэлгийн сэтгэцийн судалгааны захирал болсон ч математик, тэр дундаа геометр их сонирхдог байв. Ээж нь ч мөн геометр сонирхдог байсан гэнэ. 1945 онд дэлхийн II дайн дуусахад тэдний гэр бүл Англи руугаа буцжээ. Лондоны их сургуулийн коллежид Лайонел Пенроуз хүний ген судлаач профессороор томилогдож, хүү Рожер нь элсэн суралцав. Түүний математикийн сонирхол нь улам лавширсан ч эцэг, эх нь аавынхаа замаар замнаж, анагаах ухааны мэргэжил сонгохыг ятгасан аж. Гэвч тэр үеийн дунд сургуульд математик болон биологи харилцан биенээ үгүйсгэдэг байсан учир аль нэгийг нь л сонгон суралцах шаардлага сурагчдад тулгардаг байв.
Аав нь ажилладаг коллежид элссэн Рожер ямар ч төлбөргүй сурч, математикийн нэгдүгээр ангиллын шагналтай бакалаврын зэрэгтэй төгсөхдөө цэвэр математик судлахын тулд Кэмбрижид элсэхээр шийджээ. Тэрбээр том ахынхаа адил Лондоны их сургуулийн коллеж төгсөөд Кэмбрижид сурсан. Гэхдээ Оливер физикийг сонгосон аж. Рожер математикаа гүнзгийрүүлэн судлахаар Сент Жон коллежид элсэн, алгебрын геометр үзэж, 1957 онд докторын зэрэгтэй болохдоо физик сонирхоод эхэлсэн байв.
1964 онд Рожер Лондоны Биркбек коллежид багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа математикийн ухааны профессор болжээ. 1973 онд Оксфордын их сургуульд математикийн ахлах профессор, 1998 онд математикийн гавьяат ахлах профессор цолтой болов. Мөн онд Лондоны Грешем коллежийн геометрийн профессор болсон гэнэ.
1954 онд Рожер болон Лайонел Пенроуз Британийн сэтгэл зүйн сэтгүүлд боломжгүй гурвалжин болон төгсгөлгүй шат гэсэн хоёр сонгодог боломжгүй дүрсийн тухай нийтлэлээ гаргажээ. Үүний нөлөөгөөр Нидерландын зураач М.К.Эшер алдарт “Хүрхрээ”, “Авиралт ба уруудалт” литограф зургаа бүтээсэн байна.
Ташрамд дурдахад, Рожер нийтлэлдээ хар нүхний тухай огт дурсаагүй байдаг. Хэн ч тэр үед хэрэглэж байгаагүй эл нэр томьёог Америкийн алдарт физикч Жон Арчибальд Уилер бодож олжээ.
Рожер Пенроуз шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийнхээ төлөө олон шагнал хүртсэн аж. Тэрбээр 1972 онд Британийн хатан хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн гишүүн, 1998 онд АНУ-ын ШУА-ийн гадаад дэд гишүүн болсон. Бүтээлээрээ Британи, Америкийн физик, математикийн шинжлэх ухааны шагнал хүртсэний сацуу 1994 онд ноён хэргэмтэй болжээ.
Рожер нь Кокеторпын сургуулийн академик хөгжлийн захирал бөгөөд Абингдон сургуулийн математикийн тэнхимийн дарга асан Ванесса Томастай гэрлэж, нэг хүү, гурван ач хүүтэй болжээ.
ХАРЬ ГАРГИЙН ЭРЭЛЧИД
Р а й н х а р д Генцель 1952 онд Баруун Германы Гессен мужийн Бад Хомбург хотод мэндэлсэн. Хатуу биетийн физикийн профессор аавынхаа адил шинжлэх ухааны мөр хөөсөн. Фрайбург, Бонны их сургууль дүүргэж, 1978 онд физик, астрофизикийн докторын зэрэг хамгаалжээ. 1986 он хүртэл АНУ-ын Беркли хот дахь Калифорнийн их сургуульд ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж, Мюнхенээс холгүй орших Гархинг хот дахь Макс Планкийн нийгэмлэгийн харь гаргийн физикийн хүрээлэнгийн захирлуудын нэг, Мюнхений Людвиг-Максимилианы их сургуулийн хүндэт профессор болсон байна. 1999 оноос Беркли хот дахь Калифорнийн их сургуульд ажиллах болов. Субмиллиметр болон хэт улаан туяаны одон орон, галактикийн астрофизикийн чиглэлийн томоохон мэргэжилтнээс гадна тэрбээр ажиглалтын төслүүдийг удирдахын сацуу аварга том телескопууд, сансрын платформуудад байрлуулсан цахилгаан соронзон спектрийн ажиглах багаж хэрэгслийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Шао, Тихо Браге, Гершель, Альберт Эйнштейн, Карл Шварцшильдийн медаль хүртсэн. Лондоны хатан хааны нийгэмлэг болон Францын академийн гадаад гишүүн.
Энэ жил Нобелийн шагнал хүртэх дөрвөн эмэгтэйн нэг Андреа Миа Гез АНУ-ын Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн Физик, Одон орны салбарын профессорын багийн гишүүн. 1965 оны зургадугаар сарын 16- нд Нью-Йорк хотод мэндэлсэн. Италийн еврей цагаач болон ирланд гаралтай америкчуудын гэр бүлээс гаралтай ээжийн охин. Чикагод дунд сургууль дүүргээд, Массачусетсийн технологийн их сургуулийг төгсөж, 1992 онд Калифорнийн технологийн их сургуульд докторын диссертац хамгаалах мэргэжлийн бэлтгэлд хамрагджээ. Хэт улаан одон орны судлалыг үүсгэгч нарын нэг, Паломарын одон орон судлалын төвийн захирал, Хавайн Мауна Кеа уулын оргил дээрх Кека одон орон судлалын төвийн 10 метрийн оптик нүхтэй ихэр дуран авайг бүтээхэд оролцсон Герхарт Нейгебауэрийн шавь аж. Нобелийн физикийн салбарын шагнал нь түүний 15 дахь шагнал болж байна.
ХАРАНХУЙ ӨРӨӨН ДЭХ ХАР МУУР
Райнхард Генцель, Андреа Гез нарын удирдсан эрдэмтдийн хоёр бүлэг манай ертөнцийн төвд объект байгааг илрүүлжээ. Тэнд багаж хэрэгсэлд үл үзэгдэх ч жин маш ихтэй объект байгааг тэд тус тусдаа тогтоосон аж. Түүнийг Сүүн замын бүрэлдэхүүнд багтдаг олон тэрбум од, тэдгээрийн дотор нарыг хамт тойрдог. Тиймээс би ч бас тойрдог гэсэн үг. “Түнэр харанхуй нөмөрсөн орчлон ертөнцийн нууцууд” гэж Нобелийн хорооны гишүүд хар нүхүүдийг тодорхойлжээ.
Хар нүхүүд байдаг юм бол тэдгээрийг яаж олох вэ? Эрдэмтэд цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар сансрын гүнийг судалж байна. Тэдгээрийг хэмжиж болох бөгөөд үүндээ тулгуурлан ямар нэг тооцоо хийж болох ч ямар ч туяа тэр түнэр харанхуйг гэрэлтүүлэх боломжгүй. Харин эрдэмтэд үүнийг хийх арга олжээ. Сүүн замын төв од хоорондын тоосны үүлэнд нуугдсан байдаг учир ажиглалтыг хэт улаан туяаны хүрээнд хийх хэрэгтэй болсон ч хоёр бүлгийн дүгнэлт ижил бөгөөд бие биенээ нотолсон байна.
Зургаан одны замд ойрхон орших ямар нэг юм үнэхээр нөлөөлдөг нь үл үзэгдэх хэрнээ тэнгэрийн ер бусын жинтэй биет гэнэ. Эл үзэгдлийг 26 мянга орчим гэрлийн жилийн зайд нарнаас дөрвөн сая дахин хүнд хар нүх байгаагаар тайлбарлаж болох юм. Түүнд хамгийн ойр орших од нь үл үзэгдэгчийг дэлхийг 16 орчим жилд бүтэн тойрч байна. Тэдгээрийн хоорондох зай 17 гэрлийн цагаар хэмжигдэнэ. Харьцуулбал, нарны гэрэл дэлхийд найман минутын дотор хүрдэг.
Райнхард Генцель, Андреа Гез нар Сүүн замын төвийг хаасан хий болон тоосны үүлийг нэвт харж болох арга боловсруулжээ. Тэд орчлон ертөнцийн зүрхийг тойрон эргэлддэг оддын замыг газрын зурагт өндөр нарийвчлалтайгаар буулгасан аж. Ингээд дөрвөн сая нартай тэнцэх жинтэй биет нь зөвхөн хар нүх л байж болох гэнэ. Ийнхүү тэд ертөнцийн төвд орших оньсого шиг объектын орчныг тайлбарлажээ. Эдгээр нь хар нүх байдгийн анхны маргаангүй нотолгоо болсон аж.
Эл хайлмал зүйл нь хүчтэй туяа цацруулдаг бөгөөд үүнийг А нум гэдэг. Өдгөө ажиглагчид хар нүхийг хүрээлсэн туяан үүлийг нарийн судлаад байна. Тэрчлэн одон орон судлаачид ойрын жилүүдэд хар нүхний хаяаны шууд дүрсийг бүтээхээр төлөвлөжээ.