Доналд Трампын засаг захиргаа Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан нь тодорхой болоод байгаа Жозеф Байденд гадаадын төр засгийн тэргүүн нараас ирүүлсэн мэндчилгээг өөрт нь өгч танилцуулахгүй байгаа аж. Энэ тухай CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлэв. Уламжлал ёсоор АНУ-ын Төрийн департамент шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон гадаад орнуудын төрийн тэргүүн нарын хоорон дахь харилцаа холбоог хангадаг учир гадаадын олон удирдагчдын Байденд хаягласан захидал тус яаманд иржээ. Гэвч одоогийн ерөнхийлөгч сонгуульд ялагдсанаа хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд өөрийн засаг захиргааны төлөөлөгчид болон Байдены багийн хооронд харилцаа холбоо үүсэж болзошгүй хэмээн үзсэн тул эдгээр захидал Ардчилсан намд хүрээгүй байна. Төрийн департаментад ийм төрлийн захидал хэдэн арваараа хуримтлагдаад байгаа аж. CNN-ийн мэдээлж буйгаар гадаадын зарим удирдагчид Байдентай холбоо тогтоохын тулд Барак Обамагийн үед ажиллаж байсан дипломатчдад хандахаас өөр аргагүйд хүрээд байгаа гэнэ. Байден нь Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Төрийн департамент Байдены гадаад удирдагчидтай хийх утасны яриаг зохион байгуулахаас татгалзаж, туслахуудад нь журмын дагуу танилцах ёстой нууц мэдээллүүдэд нэвтрэх эрийг нь олгохгүй байгаа тухай өмнө “The Washington Post” мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан Байдены баг эл нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд шүүхэд хандаж магадгүй талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болсон бөгөөд одоогоор албан ёсны дүн гараагүй байгаа билээ. Урьдчилсан дүнгээр Байден өрсөлдөгчөө ялах шаардлагатай 270 гаруй сонгогчдын дэмжлэгийг аваад байгаа аж.