Энэтхэг, Хятад улсууд зүүн Ладакх муж дахь хоёр улсыг зааглах шугамаас хуягт техник, их буу болон бусад хүнд зэвсгүүдийг татахаар тохиролцжээ. Энэ тухай “The Times of India” сонин Энэтхэгийн цэргийн эх сурвалжуудаас иш татан мэдээлсэн байна. "Хоёр тал зэр зэвсгээ зүүн Ладах дахь Пангонг-Цо-Чушул нутгаас гурван үе шаттайгаар татна. Энэ нь өндөр уулын тус бүс нутагт долоон сар үргэлжилж буй цэргийн хурцадмал байдлыг намжаах томоохон алхам болно" гэж тус сонин эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна. Тэдний хэлснээр, Энэтхэг, Хятадын цэргийнхэн одоогийн байдлаар 11 дүгээр сарын 6-нд хоёр талын цэрэг-дипломат хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцооны үндсэн дээр зэвсгээ татан авах ажиллагааны нөхцөл, дарааллыг өдөр бүр шууд утсаар хэлэлцэж байгаа аж. Харин Ладакхаас цэргээ татах ажлыг Энэтхэг, Хятадын Гадаад хэрэг, Батлан хамгаалах сайд нарыг есдүгээр сард Москвад уулзсаны дараа хүлээж авсан улс төрийн удирдамжийн дагуу бэлтгэж байна гэж Энэтхэгийн хуурай замын цэргийн ерөнхий командлагч, генерал Манож Нараване мягмар гарагт мэдэгджээ. Энэтхэг, Хятадын хилийн Зүүн Ладак дахь Галван хөндий орчимд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсны дараа хоёр улсын хилийн дагуух маргаантай бүсийн байдал хурцадсан юм. Уг мөргөлдөөнд хаяж Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын 45 орчим цэргийг амь үрэгдсэн аж. Үүний дараа Дели, Бээжин энэ бүсэд цэргийнхээ төвлөрлийг нэмэгдүүлэх болсон юм.