UFC холбооны аварга асан К.Макгрегор болон Д.Порьегийн хоёр дахь тулааны товыг албан ёсоор зарлалаа. Зартай хоёр тамирчны тулаан 2021 оны нэгдүгээр сарын 23-нд Лас-Вегаст болох UFC257 арга хэмжээний гол “үзвэр” болох аж. Тэд 2014 оны есдүгээрд анх удаа хоорондоо тулалдахад К.Макгрегор Д.Порьег эхний раундад буулгаж авсан юм. Сонирхолтой нь, тэдний тулааны товыг зарласны дараа Х.Нурмагомедовын менежер А.Абдуль-Азиз твиттертээ “30-0” гэж жиргэсэн нь олны анхаарлыг татаж эхлэв. Учир нь Хабиб өнгөрсөн сард 29 дэх тулаандаа ялаад зодог тайлсан бөгөөд спорт сонирхогчид дээрх жиргээг орос тамирчин октагондоо эргэж ирэхийн дохио гэжээ.