Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 2000 оны арваннэгдүгээр сарын 2-нд Лондон хотод шатрын дэлхийн аваргын хэргэмийн төлөөх Г.Каспаров, В.Крамникийн түүхт тулаан өндөрлөсөн юм. Шатрын 14 дэх дэлхийн аварга тэрхүү тоглолт амьдралд нь яаж нөлөөлсөн, шатрын спортоо яагаад орхисон, хүний оршихуйн утга учир юу болох, залуу шатарчдыг хэрхэн сургаж байгаа зэрэг сэдвээр сэтгүүлчтэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.
-Владимир, 20 жилийн өмнө та дэлхийн аварга болж байсан. Таны амьдралыг тэрхүү тоглолтоос “өмнөх” ба “хойших” гэж хувааж болох уу. Амьдрал урьдынх шигээ биш болно гэдгийг та хэр хурдан ухаарсан бэ?
-Тоглож байхдаа энэ тухай бодож байгаагүй, харин ялсныхаа дараа маш хурдан ойлгосон. Би өөрөө төдий л өөрчлөгдөөгүй ч үүрэг хариуцлага маань өөр болсон. Цаг үе нь ч амаргүй байж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөгчдийг тодруулах мөчлөг бараг сүйрсэн байсан. Түүнийг эргэн сэргээх, яриа хэлэлцээнд, олон нийтийн арга хэмжээнд оролцох шаардлагатай болж ирсэн. Амьдралын хэмнэл огт өөр болсон доо. Харин одоо үүнд дасаж, дархлаатай болсон байна. Мэдээж дэлхийн аварга бол нэр хүндтэй, олны танил хүн. Амаргүй, гэхдээ амьдралын асар сонирхолтой туршлага болсон.
-Та дэлхийн аварга болохын төлөө бүх амьдралаа зориулсан гэж хэлж болох уу?
-Огтхон ч тийм биш. Би багаасаа л шатарт дурласан, мэргэжлийн тоглогч болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Миний хувьд шатар л чухал байснаас бус түүнтэй холбоотой хэргэм зэрэг нь тийм байгаагүй. Тэгээд ч нэгдүгээр байрыг хүмүүс дөвийлгөж, хэтэрхий их үнэлдэг гэж би боддог. Орчин цагийн амьдралын нэг онцлог юм даа. Үүнийг би ердөө ч ойлгодоггүй. Дэлхий дээр долоон тэрбум хүн бий. Нэг, хоёр эсвэл гуравт орлоо гээд ямар ялгаа байна вэ. Та угаас салбартаа мундаг хүн, шилдэг нь тэгээд л болоо. Гэвч маш олон хүн тэргүүн байрын төлөө амьдралаа, эрүүл мэнд гээд бүхнээ зориулахад бэлэн байдгийг ойлгодоггүй.
-Алдар нэрийн талаарх таны ойлголт Б.Спасскийтай адилхан бололтой. Шатар, амьдралд хандах та хоёрын хандлага адилхан юм шиг санагддаг.
-Санал нэг байна. Ташрамд дурдахад, гурван жил дэлхийн аварга байсан үе амьдралынх нь хамгийн аз жаргалгүй өдрүүд гэж Б.Спасский хэлсэн. Түүний энэ үгийг би зөв гэж хүлээн зөвшөөрч чадахгүй ч зарим талаараа үнэний хувьтай. Аварга байсан он жилүүд миний амьдралын хамгийн таагүй хэрнээ аз жаргалтай үе. Харин аварга цолоо алдаад... В.Анандын эсрэг тааруу тоглосондоо сэтгэлээр унасан ч сэтгэл санаа минь харин ч амгалан болсон шүү.
-Та дэлхийн аваргын төлөө ердөө дөрвөн тоглолт хийсэн. Аль нэгийг нь илүү чухал гэж үздэг үү?
-Үгүй дээ, дөрвүүлээ л сонирхолтой, бүгдээрээ л амьдралын минь нэг хэсэг. Яг л хүүхэдтэй адил. Аль хүүхэд чинь бусдаасаа үнэ цэнтэй вэ гэж асуусантай адил. Аль аль тоглолт нь өөр өөрийн сонирхолтой талтай.
-Бараг хоёр жилийн өмнө, Вейк-ан-Зеед болсон тэмцээний дараа та зодог тайлж буйгаа зарласан. Яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаж өгнө үү?
-Шатар надад маш сонирхолтой санагдахаа больсон мэт мэдрэмж төрсөн. Тэмцээнд оролцсон ч, оролцоогүй ч ялгаагүй мэт сонин мэдрэмж. Оронд нь ном уншсан ч болохоор байж гэсэн бодол. Үүний улмаас тархи минь хэрэгтэй үедээ ачаалж, анхаарал төвлөрөхгүй, өргөө гүйцэд бодохгүй болж эхэлсэн. Шийдвэр гаргах механизм маань сул ажиллаж, сэтгэлийнхээ гүнд өрөг яаж дуусах нь тийм ч чухал биш гэж бодох болсон. Ийм хандлагатайгаар оргилд байж чадахгүй. Надад “зүгээр л” тоглох сонирхолтой биш. Үүнтэй л миний шийдвэр холбоотой. Сонирхол татаж байсан цорын ганц зүйл нь олимпиад. Багийн тэмцээн, нийтлэг хариуцлага, мөн нэмэлт урам зориг шаарддаг учраас тэр л дээ.
-Алдар нэртэй тамирчид зодог тайлаад дасгалжуулагчийн албанд шилждэг. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Би үүнийг арай өөр өнцгөөс, философийн үүднээс харж байгаа. Дасгалжуулагч болох нь миний хувьд тамирчны замналын маань үргэлжлэл бус, харин өрөө төлж байгаа хэрэг. Надад өгсөн бүхнийх нь төлөө би шатарт талархдаг. Зөвхөн амжилт, алдар нэрийг нь хэлж байгаа юм биш шүү. Шатар намайг хүний хувьд бүтээсэн. Харин одоо би хариуд нь ямар нэг зүйл өгөхийг хүсэж байна. Авьяаслаг хүүхдүүдэд туслах, мэдлэгээ өвлүүлэх. Амжилттай хүмүүсээс залуус хэрэгтэй үг сонсож, зөв зам дээр гарах нь чухал гэдгийг би мэднэ. Шатрын бүх мэдлэгээ би дамжуулахад бэлэн.
-Тэгэхээр дасгалжуулах бус ментор хийнэ гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Хүний амьдралын нэг гол үүрэг бол өөрийн сурсан мэдсэнээ дараачийн үедээ дамжуулах гэж би боддог. Тиймээс аль болох олон авьяаслаг хүүхдэд өөрийн мэдлэгээ хүртээж, энэ нь тэдэнд тус болоосой гэж найдах нь миний хүсэл болоод байна.
Бэлтгэсэн: Н.Энх