Арменид очсон Оросын энхийг сахиулах нэгтгэлийн цэргүүд Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд байлдааны ажиллагааг зогсооход хяналт тавих даалгавраа биелүүлэх газрыг зорьсон тухай ОХУ-ын БХЯ-наас мэдээллээ. Тэд Уулын Карабах болон Лачины коридорын дагуух шугамд орших ажиглалтын цэгүүдэд байрлах аж.
Мөргөлдөөний бүсэд Оросын 400 гаруй энхийг сахиулагчийг цэргийн тээврийн 20 нисэх онгоцоор хүргэсэн бөгөөд тэдний тоо цаашдаа 1960-д хүрэх юм. Мөн 90 хуягт тээврийн хэрэгсэл, 380 автомашин болон тусгай техникийг тус бүс нутагт аваачих гэнэ.
Үүний сацуу Уулын Карабахад гал зогсоох тохиролцоог хянах ажиллагаанд Азербайжан дахь хамтарсан төвийн хүрээнд оролцоно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярихдаа мэдэгджээ. “Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар хэлэлцээ хийж, Уулын Карабах дахь нөхцөл байдлыг тайван замаар зохицуулах зөв алхам хийснийг онцлон тэмдэглэлээ. Турк улс ОХУ-тай хамтран Арменийн мэдлээс чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт Азербайжаны товлосон газарт байгуулах хамтарсан төвийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох дэглэмийг ажиглаж, хяналт тавьж ажиллана гэдгээ Режеп Тайип Эрдоан мэдэгдсэн” гэж Туркийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлсэн байна.
ОХУ-ын ГХЯ-ны эх сурвалжийн мэдээлснээр Уулын Карабахад энхийг сахиулах үйл ажиллагаанд Анкарагийн гүйцэтгэх үүрэг нь гал зогсоох тохиролцоог хянах хоёр талын төвөөр хязгаарлагдах аж.
ОХУ, Армени, Азербайжаны удирдагчид Уулын Карабахад гал зогсоохоор тохиролцсон билээ. Үүний дагуу Уулын Карабахад бүрэн гал зогсоож, Азербайжан, Армени эзэлсэн байрлалууддаа үлдэж, давшихгүй, олзолсон цэргүүдээ солилцох ёстой юм. Мөн тус бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг байрлуулна. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян эл хэлэлцээрийг түүний хувьд туйлын хүнд шийдвэр байсныг онцлон тэмдэглэсэн байна. Харин Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев баримт бичигт гарын үсэг зурсныг Арменийн хийсэн буулт хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр уг гэрээ Бакуд хамгийн ашигтай бөгөөд одоо цэргийн ажиллагаа дуусаж, улс төрийн яриа хэлэлцээнд шилжих боломж нээгдсэн байна.