Хонконгийн эрх баригчид сөрөг хүчний намуудаас Хууль тогтоох зөвлөлд сонгогдсон дөрвөн гишүүний эрхийг хүчингүй болгов. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо тогтоолыг нь баталсны дараа уг шийдвэрийг нийтэлсэн тухай RTHK радиостанцаас мэдээлжээ. Эл баримт бичигт эх оронч үзлийг Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн бүх гишүүн заавал биелүүлэх ёстой хуулийн шаардлага хэмээн тусгасан аж. Энэ шалгуурыг хангаагүй гишүүний бүрэн эрхийг хасахыг тус бүс нутгийн эрх баригчдад олгожээ.
Эрхээ хасуулсан дөрвөн гишүүнийг Сонгуулийн комисс нь эх оронч бус үзэлтэй хэмээн парламентын сонгуульд оролцохыг хориглож байсан аж. Гэвч цар тахлын улмаас өнгөрсөн есдүгээр сарын 6-нд товлосон сонгуулийг бүтэн жилээр хойшлуулсан учир тэд бүрэн эрхээ үргэлжлүүлэн эдэлж байсан гэнэ.
Хонконгийн Хууль тогтоох зөвлөл нь 70 гишүүнтэй нэг танхимтай парламент. Гишүүдийн талыг нутаг дэвсгэрийн тойргоор явуулдаг шууд санал хураалтаар сонгодог бол үлдсэн хувийг мэргэжлээр нь салбарын нийгэмлэгүүдийн төлөөлөл болгон нэр дэвшүүлдэг байна.
Шинэ тогтоол нь БНХАУ-ын засаг захиргааны тусгай эл бүс нутгийн улс төрийн байдалд тавих хяналтыг чангатгах, өнөөг хүртэл 19 суудлаа хадгалсан сөрөг хүчний нөлөөг багасгах боломжийг Бээжинд өгч буйг ажиглагчид тэмдэглэжээ.
Хятадын парламентын Байнгын хороо өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан юм. Бээжингийн эрх баригчдын хэлснээр эл баримт бичиг нь салан тусгаарлах үзэл, терроризм, эрх баригчдын нэр хүндэд халдах, гадаадын хүчнүүдтэй хуйвалдах зэрэг гэмт хэргээс сэргийлэхэд чиглэсэн бөгөөд үүнийг зөрчсөн этгээдийг бүх насаар нь хорих ял оноож шийтгэхээр тусгасан билээ.