“Украин, Туркийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихэд гарамгай хувь нэмэр оруулсны төлөө” Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаныг Украины Төрийн тэргүүн Владимир Зеленский саяхан Истанбулд айлчлахдаа шагнажээ. Үүний хариуд Эрдоан Украины байр суурийг, тэр дундаа Крымийн асуудлыг цаашид хамгаалахаа Зеленскийд амласан байна. “Бид Украиныг бүс нутгийнхаа аюулгүй, тогтвортой байдлын хувьд гол улс хэмээн үзэж байна. Үүний хүрээнд бид Крымийг багтаагаад Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэзээд дэмждэг, дэмжиж байсан, дэмжсээр байх болно. Крымийг хавсарган нэгтгэснийг (ОХУ) Турк улс хүлээн зөвшөөрөөгүй, цаашид ч зөвшөөрөхгүй” хэмээн Эрдоан хэлжээ.
Украин, Туркийн найрамдал, хамтын ажиллагааны арвин түүхийн ганц хуудас байсан бол түүний хэлсэн үгийг протоколын хэмээн үзэж, их ач холбогдол өгөхгүй байв. Гэтэл тус хоёр орны нэг нь ОХУ-ын гадаад бодлогын чухал түнш бөгөөд бараг холбоотон, нөгөөх нь Оросыг албан ёсоор дайсан, түрэмгийлэгч, булаан эзлэгч хэмээн үздэг.
Ташрамд хэлэхэд, Зеленский шинэ зүйл юу ч хийгээгүй. Украин болон Турк улс Петр Порошенкогийн үед дотносож эхэлжээ. Гэхдээ тус хоёр улс хэзээд ийм найрсаг харилцаатай байгаагүй аж. Тухайлбал, Крымийн хямрал хүртэл тус бүс нутагт шатдаг хийн терминал бий болгох Украины төлөвлөгөөнд Турк санаатайгаар хориг тавьсан байдаг. Аюулгүй байдлын үүднээс Босфорын булангаар хий тээгч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй хэмээн Анкара мэдэгддэг байв. Үнэн хэрэгтээ Украины терминал нь Эгийн болон Гантиган тэнгисийн эрэг дэх Туркийн байгууламжуудын өрсөлдөгч болох байсан аж.
Крымтэй холбоотой түүх өдгөө Эрдоаны нотолсончлон байгаагүй юм. Албаны хүмүүс багтсан Туркийн төлөөлөгчид удаа дараа (2015, 2016, 2017 онд) Крымд очжээ. Түүгээр зогсохгүй олон жилийн турш Турк нь Крымтэй тэнгисийн харилцаатай ганц улс байв. Эл байдал 2017 онд дуусаж, Украин, Туркийн харилцаа эрс өөрчлөгдөж, улмаар илэрхий дотно болсон байна.
МӨНХИЙН АХАН ДҮҮС БОЛОХ УУ
Петр Порошенко 2018 онд Туркт айлчилж, хий дамжуулах TANAP хоолойг нээх ёслолд оролцсон нь ач холбогдолтой болжээ. Учир нь уг арга хэмжээнд гадаадын удирдагчдаас Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Болгар, Гүрж, Серби зэрэг уг төсөлд оролцох сонирхолтой орны удирдагчид оролцсон байна. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Умард Киприйн Туркийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Мустафа Акынжитай хамт Порошенко TANAP хоолойн дэргэд зургаа авхуулсан байдаг. Тус улс нь Оростой холбоотой Донецк болон Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улс, Приднестр, эсвэл Арменитай холбоотой Уулын Карабах шиг статустай юм. Дараа нь Истанбулын христийн сүмийн ивээл доор Украинд сүм байгуулжээ. Үүний төлөө Порошенко талархлаа илэрхийлэхдээ хэлэлцээнд хөндлөнгөөс саад болоогүйг онцолсон аж. Гэтэл тийм оролцоо байсан гэнэ. Киев өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Истанбулын сүмийнхнээс судар нийлүүлэхийг хүссэний дараа 25-нд нь Эрдоан Украины хамба ламтай уулзжээ. Үүнд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу оролцсон нь Украины асуудлыг хөндсөн гэсэн таамгийг олон ажиглагчид төрүүлсэн байна. Ташрамд дурдахад, Украины тал сүмээ бие даасан болгох талаар системтэй ажлыг Эрдоантай хийснийг тус улсын парламентын гишүүн Мустафа Жемилев нотолсон аж. “Үнэн алдартны шашинтнуудын хувьд одоо Мекка нь Москва. Украины сүмийн зэргийг дээшлүүлснээр уг байр суурь Истанбулд шилжих учир улс төрийн ач холбогдолтой болсон” гэдгийг тэрбээр ВВС-д өнгөрсөн есдүгээр сард ярилцлага өгөхдөө тодруулжээ.
Цаашлаад Киев, Истанбулын хамтын ажиллагаа албан ёсны түвшинд улам бэхжих нь. Уулын Карабахын дайнд Украин шууд Азербайжаныг дэмжиж буй. Ийм нөхцөлд Украин, Туркийн хамтын ажиллагаа цэргийн салбарт 2018 онд хөгжиж, Туркийн цохилтын “Bayraktar TB2” нисгэгчгүй онгоцноос зургааг Украин худалдан авчээ. 2020 онд нэмээд 48-ыг авсан байна. Хэтдээ Киев Туркийн лицензээр тийм төрлийн зэвсгийг нутаг дэвсгэртээ үйлдвэрлэдэг болохыг хүсэж буйг “Укрспецэкспорт” төрийн өмчит компанийн ерөнхий захирал Вадим Ноздри хэлжээ. Туркийн “Aselsan” 2018 оноос Украины зэвсэгт хүчний богино долгионы радиостанцын гол нийлүүлэгч болсон байна. Харин Украин Туркт жишээ нь, зенитийн пуужингийн С-125М1 “Печора-M1” цогцолбор нийлүүлж буй гэнэ.
Албан ёсны хэлхээ холбоогоор ажил хэрэг нь хязгаарлагдахгүй. Нягт хамтын ажиллагааг тусгай албадын шугамаар ч явуулж байв. Тухайлбал, тун саяхан буюу өнгөрсөн есдүгээр сард Туркийн тусгай албаныхан Курдистаны ажилчны намын идэвхтэн Ису Озерыг хулгайлжээ. Энд тэмдэглэхэд, тэрбээр 2018 онд улс төрийн орогнох эрх авсан Украинд хуулийн дагуу оршин сууж байсан юм. Жишээ ганц үүгээр зогсохгүй. Хоёр жилийн өмнө Одесс хотоос Туркийн бизнес эрхлэгч Салих Зеки Игит, сэтгүүлч Юсуф Инан нарыг баривчилсан. Тэднийг 2016 онд Туркт төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон хэрэгт сэжиглэсэн аж. Туркийн тусгай албадын үйл ажиллагаануудын нэгийг ч Украины удирдлага эсэргүүцээгүй нь Туркийн хүчнийхэн албан бусаар зөвшөөрөл авсан гэж таамаглах үндэслэл болдог.
Ташрамд дурдахад, тусгай албаныхнаар зогсохгүй Украин болон Турк хүмүүнлэгийн салбарт ч их дотносжээ. Киевийн төвд Туркийн хөрөнгөөр сүм барихаар тус хоёр улсын эрх баригчид тохиролцсоныг 2020 оны долдугаар сард Украин дахь Туркийн Элчин сайд мэдэгдсэн юм. Харин Одесст Туркийн талын санхүүгийн идэвхтэй оролцоотойгоор 2017 оны тавдугаар сард Истанбулын цэцэрлэгт хүрээлэн нээгдсэн байна.
Одессын киностуди олон жилийн хугацаанд анх удаа 2020 онд “Хажибей цайз” кино бүтээсэн нь Турк, Украины Хар тэнгисийн умард хэсгийг оросууд булаан эзэлсний эсрэг Османы эзэнт гүрэн болон казахууд хамтран тэмцсэн тухай өгүүлдэг аж. Эл киног Туркийн хөрөнгөөр бүтээж, зураг авалтад Туркийн кино үйлдвэрийн төсөл “Аугаа зуун” олон ангит киноны хувцас, хэрэглэлийг ашигласан гэнэ.
ТУРКИЙН УРСГАЛ
Тийнхүү өдгөө Украин, Туркийн хамтын ажиллагаа бүх салбарт цэцэглэж, ойртон дотносож байгаа нь ил болов. Энэ нь Турк улс Өрнөдтэй, ялангуяа Европын Холбоо болон АНУ-тай харилцаа нь эрчимтэй уруудаж буй үед болж буй нь их хачин юм. Тухайлбал, Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулсны хариуд Туркт АНУ өнгөрсөн оны аравдугаар сард хориг арга хэмжээ авчээ. Үүнд Туркийн БХЯ, Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын сайд Хулуси Акар, Эрчим хүчний сайд Фатих Донмез, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын орлогч дарга Сулейман Сойлу өртжээ. Франц, Герман, Канад, Нидерланд улс Туркт зэвсэг нийлүүлэхээ больсон байна. Хариуд нь Анкара Инжирлик, Курежик дэх НАТО-гийн цэргийн баазыг хаав.
Харин 2020 онд уснаас нефть олборлох төлөвлөгөөнөөсөө болоод Турк НАТО-гийн холбоотон орнуудтайгаа зөрчилдөх боллоо. Нефть агуулсан ус Умард Киприйн Туркийн Бүгд Найрамдах Улс (УКТБНУ)-ын нутаг дэвсгэрийнх хэмээн тус орныг хүлээн зөвшөөрсөн ганц улс болох Турк үздэг. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрдөг Кипр болон Грек, тэдгээрийн дараагаар Европын Холбоо эрс няцаажээ. “Европын Холбооны гишүүн орнуудын тэнгисийн орон зай заналхийлэлд өртөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм үйлдэл гаргасан этгээдийг шийтгэх ёстой” гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Елисейн ордонд Киприйн Төрийн тэргүүн Никос Анастасиадисыг хүлээн авахдаа мэдэгдсэн юм. Хариуд нь Турк УКТБНУ-тай хамтран “Газар дундын тэнгисийн шуурга” сургуулилалт хийсэн нь Киприйн Грекийн хэсэгт Туркийн цэргийнхнийг буулгахаа илэрхий харуулжээ. Харин Грек болзошгүй аюулыг сөрөхөд бэлтгэж, цэргийн төсвөө эрс өсгөсөн билээ.
Турк, Оросын харилцаа огт өөрөөр хөгжиж байна. Сирид Оросын “Су-24” нисэх онгоцыг Турк устгаснаас хойш богино хугацаанд хурцадсаныг эс тооцвол тус хоёр улсын харилцаа найрсаг гэхгүй ч ойр дотно буй. Жишээлбэл, хий дамжуулах “Туркийн урсгал” хоолой тавих төслийг нэрлэж болно. Энэ төслийг хэрэгжүүлснээр Украин жилд 15 тэрбум шоо метр хий нийлүүлж, 450 сая ам.долларын орлого олох боломжоо алдсан. Гэтэл Оросын “Умардын урсгал-2”-ын талаарх төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлүүлэхгүй гэсэндээ АНУ Украинд дипломатын хүчтэй дарамт шахалт үзүүлдэг. Гэтэл “Туркийн урсгал” бараг ямар ч асуудалгүй баригдаж, Украин чимээгүй байжээ. Өөр жишээ гэвэл, ОХУ-ын “Росатом” компани Туркт “Аккую” атомын цахилгаан станц барьж буй. Энэ нь Оросын хилийн чанад дахь анхны станц болох юм. Үүнийг ашиглагчийн хувьцаа бараг 100 хувь Оросынх байна. Мөн ийм загвараар “Синоп” атомын цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Эцэст нь, Оросын зенитийн пуужингийн “С-400” системийг Туркт нийлүүлэх гэрээ хамгийн их дуулиан дагуулсан. Вашингтон үүнийг эрс эсэргүүцэж, “F-35” сөнөөгч онгоцоо нийлүүлэх гэрээг цуцлахаар сүрдүүлсэн ч Турк бууж өгөлгүй Оросын пуужингийн системийг авч, Анкарад зориулан үйлдвэрлэсэн “F-35” онгоцыг АНУ-ын зэвсэгт хүчнээс худалдаж авах болжээ.
2020 оны эхээр Сирийн Засгийн газрын хүчинд Туркийн цэрэг халдаж, Оросын Агаар, сансрын хүчин Туркийн талыг баримталдаг босогчдын байршилд цохилт өгсөн ч тус хоёр орны албан ёсны харилцаа ойр дотно хэвээр буй.
Ийм байдал өдгөө Уулын Карабахад ажиглагдав. Оросын албан ёсны холбоотон Армени Туркээс техник, дипломатын талаар дэмждэг Азербайжаны цэрэгтэй сөргөлдөх болсон. Сирийнхтэй адил талууд эсрэг байр суурьтай буюу Азербайжаны цэргийн ажиллагааг Турк бүрэн дэмждэг бол ОХУ гал зогсоож, мөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээгээр шийдэхийг уриалж байна.
АЮУЛТАЙ АЛХМУУД
Ийм нөхцөлд Украин Өрнөдөөс хараат байдлаа үг дуугүй хэвээр хадгалж үлдэх төдийгүй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс бараг өөр аргагүй гэж үзэж буй. Энэ нь Туркийг тухайлбал, НАТО-гийн холбоотноо хэмээн үздэг Өрнөдийн дипломат зальжин алхам уу, эсвэл баримжаалж эхэлж болох хүчний шинэ төвөө хэмээн Туркийг харж буй Украины бие даасан алхам уу?
Бие даасан алхам талаас нь Украиныг ойлгох боломжтой. Сүүлийн 10 жил Турк зорилгодоо хүрэх шийдвэр төгс, шаргуу байдал нь үр дүнд хүрдгийг удаа дараа нотолсон. Үүнийг зөвхөн тус улсаас суралцаж болох юм. Украин ч үүнээс буцахгүй бололтой.