Сергей Хрущёв
Энэ оны долдугаар сард Америкийн Кранстон хотод Зөвлөлтийн гурав дахь удирдагч Никита Хрущёвын хүү Сергей Хрущёв өөд болов. Түүнийг нас өндөр болоод ертөнцийн жамаар амьсгал хураасан гэж ойрынх нь хүмүүс мэдэгдсэн. Гэтэл ангийн буугаар буудуулж нас барсан нь тун удалгүй тодорхой боллоо. Бас тохиолдлоор юм уу, амиа хорлоо юу, гэргий нь алчихав уу гэх яриа сонсогдоод байсан. Сергей Хрущёвын үхэл Александр Яковлев, Владимир Семичастный зэрэг хүний үйлдлийг илчилсэн шуугиан тарихуйц дурсамж зохиолтой холбоотой байж болох юм гэж Москвад долоо хоног тутам гардаг нэг хэвлэлд бичжээ. Энэ нь түүний эцгийнх нь дурсамжийн тухай ярьж буй хэрэг.
Зөвлөлтийн удирдагч асан дурсамжаа бичсэн төдийгүй түүнийгээ хилийн чанад руу дамжуулсан гэж үздэг. Хэрэв энэ үнэн бол тухайн үеийн хуулиар хатуу цээрлүүлэх байсан нь мэдээж. Сталины охин Светлана Аллилуева эх орноосоо гарч явсан түүхийг л санацгаая. Түүнээс болж Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ)-ны дарга В.Семичастный огцорч байсан шүү дээ. Гэхдээ Сталины охин нүүр буруулах шинжтэй байгааг Семичастный Намын төв хороондоо мэдэгдсэн байдаг. Семичастныйг хоосон орхиогүй, Украины Сайд нарын зөвлөлийн орлогч даргын суудалд шилжүүлсэн. Харин Хрущёвын дурсамжтай холбоотойгоор Андроповыг ч ажилгүй болгоогүй. Семичастный явснаар Александр Шелепиний бүлэглэлийг бут ниргэх ажиллагаа эхэлсэн бол Андроповын байр суурь улам бэхэжсэн гэдэг.
Хрущёвын дурсамжтай уялдсан явдлын ард чухам хэн, юу байв. Энэ үйл явдалд хүү Хрущёв ямар үүрэгтэй вэ?
Дурсамжаа бичих бодол барагцаалбал 1965-1966 онд л Никита Хрущёвын толгойд орж ирсэн аж. Түүний зуслан дээрээ байгааг харуулсан дүрс бичлэг 1967 оны зун Өрнөдийн үзэгчдэд хүрчээ. Уг бичлэгийг “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийн сурвалжлагч Юрий Королёв хийсэн байдаг. Зөвлөлтийн удирдагч асныг ийм алхам хийхэд ач охин Юлягийнх нь нөхөр “Новости” хэвлэлийн агентлагийн ажилтан Лев Петров, өөрийнх нь хүү Сергей Хрущёв хоёр нөлөөлсөн юм билээ. Дурсамжаа хэлж хальсанд бичүүлэх ажил 1966 оны наймдугаар сард эхэлжээ.
Сонирхолтой юм эндээс л эхэлсэн байна. Дурсамж бичих сэдэлд Хрущёвын өөр нэг нөлөө бүхий садан, хүргэн Алексей Ажубей нэгдэх ёстой байв. Сергей Хрущёвоос ялгаатай нь энэ хүнд хадам эцэг нь чухал нууц даалгавар өгдөг, улстөрч байлаа. Ажубей энэ явдалд оролцохоос татгалзсан аж. Чухам үүнээс болж, Сергей Хрущёв, Алексей Ажубей хоёрын зөрчил эхэлжээ.
Никита Хрущёв дурсамжаа бичиж буй нь 1968 оны хавар Төв хороонд тодорхой болов. Дөрөвдүгээр сард түүнийг Төв хорооны нарийн бичгийн дарга Андрей Кириленко дуудаж уулзлаа. Ширүүхэн ярианы явцад дурсамж бичих ажлаа зогсоохыг үүрэг болгосон Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрийг Хрущёвт өгсөн байна. Украины КН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Петр Шелестийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр бол дурсамжийн гар бичмэлийг 1968 оны зун Улс төрийн товчооны гишүүдэд тараажээ.
Дурсамжаа хилийн чанад руу гаргах бодол эцэг, хүү Хрущёвт чухам энэ үед төрсөн аж. Яагаад ч юм бэ, Зөвлөлтийн иргэн, Британийн сэтгүүлч Виктор Луй нэрээр олонд танил болсон Виталий Луйтай Сергей Хрущёв яг энэ үеэр танилцаж. Нөгөө Лев Петров л тэднийг холбож өгсөн байна.
Гэрчлэх баримтаас үзвэл дурсамжийг гадагш гаргах гол ажил 1969-1970 онд өрнөжээ. Үүнийг УАХХ-ны дарга Юрий Андропов мэдсэн гэж хүү Хрущёвт Виктор Луй хэлсэн байна. “Дурсамжийг уншиж үзэх үү” гэхэд Андропов “Үгүй” гэсэн хариу өгчээ. Дурсамжийг гадагш зөөхөд “Time” сэтгүүлийн Москва дахь төлөөлөгч Жеральд Шектер тусалсан аж. Хрущёвын ярьсныг хожим нь Билл Клинтоны захиргаанд Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажилласан Строуб Тэлботт орчуулжээ. Хрущёвын дурсамж зохиолын анхны хэвлэлийг Луй 1971 оны нэгдүгээр сард АНУ-аас авчирлаа. Никита Сергеевич уг номыг гартаа барьж үзэж амжжээ. Тэрбээр есдүгээр сард нас барсан юм.
1969-1970 онд Сергей Хрущёв болон түүний эцгийн амьдралд таагүй явдлууд тохиолдов. Эхлээд 1969 оны арваннэгдүгээр сард Хрущёвын охин Еленаг эмчлэх байсан Америкийн эмч Жереми Стоуныг УАХХ баривчиллаа. Энэ явдал хүү Хрущёвыг УАХХ-ны ерөнхий газрын дарга Евгений Расщеповтой танилцах шалтгаан болжээ. “Н.С.Хрущёв нам, төрийн өндөр алба хашиж байсан үеийнхээ тухай өгүүлсэн дурсамжаа бичих ажлыг сүүлийн үед идэвхжүүлж байна” гэж Андропов 1970 оны гуравдугаар сард ЗХУ-ын КН-ын Төв хороонд мэдээлжээ. Үүнийг хайхрахгүй байж болохгүй гэж УАХХ-ны дарга үзээд Хрущёвын энэ ажилд хяналт тавих талаар шуурхай арга хэмжээ авч, нам, төрийн нууц хилийн чанад руу алдагдахаас урьдчилан сэргийлж, эцэг, хүү хоёрыг нууцаар хараандаа авахыг тэрбээр санал болгосон байна.
Ингээд Евгений Расщепов 1970 оны зургадугаар сард Сергей Хрущёвыг дуудан байцааж, дурсамжийг өөрт нь өгөхийг шаардав. Түүгээр ч барахгүй эцэг Хрущёвыг нас барсан хойно 1974 онд Сергей Хрущёвыг Америкийн хэвлэн нийтлэгч Норман Казинсад захидал бичиж, АНУ-д хэвлэгдсэн ном худал хуурмаг зүйл гэж мэдэгдэхийг тушаалаа. Хүү Хрущёв энэ тушаалыг биелүүлэв. Гэхдээ ингэж бичихээс аргагүй болсноо Казинсад нууц аргаар дуулгажээ.
Хрущёвын дурсамжид хэн, яагаад ингэтлээ анхаарал хандуулав. Энэ асуултад хариулахын тулд дурсамжтай холбоотой нэг хүний, тухайлбал, Хрущёвын ач охин Юлягийн нөхөр Лев Петровт анхаарал хандуулах хэрэгтэй юм. Энэ хүнийг одоо мартсан нь харамсалтай. Гадаад хэлний сургууль төгссөн энэ хүн ах, дүү Стругацкийн нэг Аркадий (бас хэлмэрч) гэгчтэй олон жилийн найз юм санж. Петровтой хамтарч “Бикинийн үнс” тууж бичихдээ Аркадий Номхон далайд цөмийн туршилт хийсэн талаарх “Новости”-гийн албаны материалыг ашиглажээ.
Лев Петров дээр өгүүлсэн Юрий Королёв, Виктор Луй нартай сайн танил байв. Энэ хүмүүс УАХХ-ны II удирдах газрын VIII хэлтсийн дарга Вячеслав Кеворковтой ойр дотно байж. Кеворков нь Юлиан Семеновын романуудын гол баатар хурандаа Славины эх дүр юм. Кеворков бас Зөвлөлт гүрнийг тарж бутарсны дараа дурсамж зохиолын төрөлд Луйгийн тухай сэдвийг анх гаргаж тавьсан хүн. Тэрбээр 2010 оноос өмнө Луйгийн тухай ном хэвлүүлсэн байна.
Виктор Луйг УАХХ-ны тагнуул байсан гэж үздэг. Тэгвэл Луйгийн багш нь Юрий Андропов өөрөө байлаа. Гэхдээ Андроповыг УАХХ-г толгойлохоос өмнө Луй “гавьяагаа” байгуулчихсан аж. Тухайлбал, Хрущёвыг огцруулсныг Зөвлөлтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс өмнө чухам Луй л Өрнөдөд дуулгажээ. Тэр хэнээсээ ийм мэдээлэл авсан юм бол? Андроповоос лав аваагүй, яагаад гэвэл тэр УАХХ-ны дарга болоогүй байсан төдийгүй Хрущёвын эсрэг хуйвалдаанаас хол хөндий байжээ. Энэ бүхэн Луй хийгээд түүний хүрээллийг Андроповоос өмнө хэн ивээж байв гэх асуултыг түүхчдийн өмнө тавьдаг юм.
Хрущёвын дурсамжийн зэрэгцээ Луй бас нэг дурсамжтай холбогдсон байдаг. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоос бүтэн хагас сарын өмнө буюу 1967 оны есдүгээр сард Светлана Аллилуевагийн “Анддаа бичсэн 20 захидал” англи, орос хэлээр гарсан нь аянга буухтай адил юм болов. Үүний гар бичмэл (нэг хувь нь гэсэн үг)-ийг Аллилуеваг зугтаж гарсны дараа УАХХ гэрээс нь олж аваад Луйд өгчихсөн аж. Түүнд редакторын засвар хийгээд Луй Өрнөд Германы “Штерн” сэтгүүл болон Америкийн “Флегон-пресс” хэвлэлийн газарт худалдаж орхижээ. Ийм маягаар хүү Хрущёв дурсамж зохиолтой холбоотой хэрэг явдалд Виктор Луйгийн хийсэн тоглолтын гол хүн болсон аж.
Виктор Луй болон түүний нөхдөд ийн тоглох ямар хэрэг байв. Эрх мэдлийн оргилд гарсан Леонид Брежнев Александр Шелепиний комсомолын бүлэглэлтэй хурц өрсөлдөөнд ороод байсан 1965-1966 онд дурсамжийн тухай асуудал сөхөгджээ. Брежневийг түр зуурын “амьтан”, харин Шелепин бол жинхэнэ удирдагч гэж үзэж байжээ. Тэгвэл “брежневчүүд” хийгээд “шелепинчүүд”-ийн хоорондын тоглоомд Хрущёв хөзөр нь болж болох байв. Гэхдээ эцэг Хрущёвыг улс төрд эргүүлэн авчрах тухай яриа байж яаж болох вэ. Харин хөзөр болохын хувьд тэр өөрийн үүргийг гүйцэтгэж чадах байлаа.
Үүнтэй холбогдуулж Хрущёвын хүргэн Алексей Ажубейг эргэн саная. Тэрбээр хадам эцгээ огцорсны дараа Шелепиний бүлэглэлд ойртохыг оролдох болсон байна. Ийм нөхцөлд дурсамж бичих тухай Хрущёвын санааг тэд өөрийн зорилгод ашиглаж болох байсныг үгүйсгэх аргагүй. Виктор Луй болон түүний хүмүүс Сергей Хрущёвыг ашиглах Алексей Ажубейн оролдлогыг (үүгээр уламжлан Шелепинийг ч) саармагжуулж дөнгөжээ.
1967-1968 онд Шелепиний бүлэглэлд хүчтэй цохилт өгөв. Эхлээд Владимир Семичастныйг УАХХ-ны даргын суудлаас чөлөөллөө. Дараа нь 1967 оны зургадугаар сард Төв хорооны бүгд хурал Шелепинийг Үйлдвэрчний эвлэлийн удирдагч болгов. Нам, аюулаас хамгаалах байгууллага, комсомол, цагдаагийн аппаратыг Шелепиний тавьсан хүмүүсээс цэвэрлэх ажлыг үүний дараа шууд эхлүүлжээ. УАХХ-г Юрий Андропов тэргүүлж, “шелепинчүүд”-тэй тэмцэх ёстой болов. Гэтэл Андропов маань аюулаас хамгаалахын хувьд “харийн” хүн, Төв хорооны тэргүүлэгч гишүүдийн олонхоос ч мөн хөндий нэгэн байлаа. Бодлого хэрэгжүүлэх, өмнө нь тавьсан зорилгыг биелүүлэхэд тус дэм болох түшиг тулгуур түүнд хамгаас хэрэгтэй болжээ. Тэгээд Виктор Луй болон түүний нөхдийг сонгож авсан аж.
Хрущёвын дурсамжийг бэлтгэх, түүнийг гадагш нь гаргах ажилд Луйгийн тусламжтайгаар Андропов хяналт тавьж чадах боллоо. Сергей Хрущёвын ярьснаар дурсамжийн гар бичмэлд Луй ихээхэн засвар хийж, зарим хэсгийг бүр хасаж орхисон байна. Дурсамжийн Брежневийн талаарх таагүй агуулгатай хэсэг 1990 онд л оны сонорт хүрчээ. Виктор Луйгийн баг ийн Андроповт ач тусаа хүргэв. Гэхдээ шинэ холбоотнууд нөгөө дурсамжийг ашиг сонирхолдоо ашиглах вий гэх айдас Андроповоос салахгүй байснаас хүү Хрущёвт Расщеповын зүгээс үзүүлсэн дарамттай холбоотой энэ түүхийн хоёр дахь хэсэг эндээс гарч иржээ.
Гэлээ ч энэ түүхийн үр дүнг үгүйсгэх аргагүй. Виктор Луй, түүний хүмүүс Юрий Андроповын итгэлийг хүлээсэн. Улмаар удаан хугацаанд түүний холбоотон байсан. Виктор Луйгийн “адал явдал” Зөвлөлт улсын дараах Орост ч үргэлжилсэн. Энэ түүхийн нэг баатар явсан Юрий Королёв 1994 онд Москвад алагдсан. Уг хэргийг илрүүлээгүй. “Ажил хэрэгч хүмүүс” сэтгүүлийг үндэслэгч Вадим Бирюков 1997 онд амиа алдсан. Бирюковын үхлийг “Московский комсомолец” сонин мөрдөж олон нийтлэл гаргав. Эдгээр нийтлэлд итгэх юм бол Королёв, Бирюков нарыг алсан нь гадаадын коммунист намуудыг санхүүжүүлэх, гадаадын банкуудын хөрөнгөд оролцоотой байсан УАХХ-ны ажилтан байсан тул хэд хэдэн хүний аминд хүрсэн хэргүүдтэй холбоотой болж таарсан. “Московский комсомолец” 1997 оны дөрөвдүгээр сарын 26-нд “Энэ хэргийг Холбооны аюулаас хамгаалах алба мөрдөж буй. Харамсалтай нь, удирдлагад нь байсан хүмүүс одоогийн Холбооны аюулгүй байдлын албаны удирдах албанд байгаа УАХХ-ны өндөр тушаалтнууд юм” гэж бичиж байв. Үүнийг тайлж үзвэл хуучин алба хаагчдыг сонгож авахдаа санхүүгийн нөөц, хэлхээ холбоо, Зөвлөлт гүрэн сарнисны дараах улс төр, эдийн засгийн таатай нөхцөлд өөрийн байр суурьтай болсныг нь харгалзжээ гэж хэлж болохоор.
Харин энэ үед мөнөөх Луй хорвоог орхисон байлаа. Тэрбээр амьдралынх нь хэвшлээс үүдсэн олон өвчний улмаас 1992 оны наймдугаар сард жам ёсоор өөд болжээ. Дүгнэж хэлбэл, дурсамж зохиолын энэ түүхэнд Сергей Хрущёв тодорхой хүмүүст зэвсгийн чанартай ашиглагдсан гэж хэлж болно. Түүнээс өөрөөр ямар нэг ашиг хүртээгүй гэж хэлж болохоор Виктор Луй, Юрий Королёв, Лев Петров, Вячеслав Кеворков, Вадим Бирюков нарын амьдрал, туулсан замыг анхааралтай судалгаа хүлээж буй гэж үзмээр. Дээр өгүүлсний талаар олон зүйл ярьж чадах хүн нь Сергей Хрущёв байсан нь эргэлзээгүй. Гэвч үхэл ийм үнэтэй гэрчийг биднээс булаачихлаа.
Бэлтгэсэн: Р.Жаргалант