2040 он гэхэд Швед улс уул уурхайгаас олборлодог түлшийг бүрмөсөн халж, эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь “ногооруулах” зорилготой ажиллаж буй. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр Европын Холбоонд тэргүүлэгч байр суурьтай тус улс өнгөрсөн онд гэхэд нийт цахилгааны хэрэглээнийхээ 57 хувийг усан болон салхин цахилгаан станцаар шийдвэрлэсэн байна. Шведэд газрын тос, байгалийн хий зэрэг баялаг бараг байхгүй. Готланд арал болон Балтын тэнгисийн зэргэлдээгээс газрын тосны жижиг ордууд нээсэн боловч тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газар нь огт хөндөөгүй өнөөдрийг хүрсэн, энэ бодлогоо цаашид баримтлах алсын зорилттой. 1970-аад он хүртэл тус улс эрчим хүчний нөөцөө гол төлөв импортоор бүрдүүлж байв. 1973 онд үүссэн газрын тосны хямралаас үүдэн “хар алт”-ны үнэ огцом өссөн нь Шведийн эдийн засагт хүнд туссан ч үүнээс сургамж авч, Засгийн газар нь эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт тавьсан нь хамгийн зөв гаргалгаа байжээ. Өдгөө усан, атомын цахилгаан станцууд нь тус улсын эрчим хүчний 80 орчим хувийг хангаж байна. Шведэд цөмийн 10 реактор бий аж. Нэг сая оршин суугч тутамд нэг реактор ногддог ганц улс байв. Үүнийг “Гринпийс” зэрэг олон улсын байгууллага шүүмжилдэг бөгөөд шведүүд ч цөмийн эрчим хүч маш үнэтэй, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадваргүйг хүлээн зөвшөөрч, үүнээс татгалзаж эхэлсэн. Саяхан Шведийн Эрчим хүчний хяналтын газрын дарга (тус улсын эрчим хүчний салбарыг удирддаг) Энн Вадаш Нильсон “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Цөмийн энерги бол маш үнэтэй эх үүсвэр. Аюулгүй байдлын арга хэмжээ, цөмийн хаягдлын хяналтыг урт хугацаанд санхүүжүүлэх шаардлагатай учраас эрчим хүчний шинэ үүсвэр бий болгоход анхаарах учиртайг дурджээ. Гэхдээ шинэ гэдэг нь усан цахилгаан станц биш бөгөөд нутгийн экосистемд сөргөөр нөлөөлнө хэмээн үүнээс татгалздаг байна. 1990-ээд оноос хойш Швед улс нар, салхийг “тойглох” болсон. Далай, тэнгисээр хүрээлэгдсэн давуу талаа ашиглан салхин парк, жижиг салхин сэнсийг олноор байгуулжээ. 2019 онд тус улс зөвхөн салхин сэнснээс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хангасан байна.
Тус улсын эрх баригчид бизнес эрхлэгчдийг салхин цахилгаан станц барих, иргэд салхин сэнстэй болохыг хөхиүлэн дэмжсээр иржээ. Ингэхдээ гурван хөшүүргийг чухалчилжээ. Нэгдүгээрт, нүүрстөрөгчийн төлбөр. Швед 1991 онд нүүрстөрөгчийн татварыг туршсан нь дэлхийд анхдагч болсон аж. Аливаа аж ахуйн нэгж нүүрс хэрэглэснийхээ төлөө, мөн агаар мандалд ялгаруулсан нүүрстөрөгчийн давхар ислийн тонн тутамд татвар төлдөг. Түүнчлэн автомашинтай иргэдэд бензиний нэмэлт төлбөр хэлбэрээр татвар ногдуулжээ. Тэгэхээр үүний эсрэгээр сэргээгдэх боломжтой ангилалд багтдаг түлшинд жишээлбэл, мод боловсруулах үйлдвэрийн хог хаягдал, ахуйн хог хаягдал, хүлэрт суурилсан био түлшинд татвар ногдуулдаггүй бөгөөд үр дүнд нь экологид ээлтэй улс болж буй. Хоёр дахь хөшүүрэг нь нарны эрчим хүч үйлдвэрлэгчид бараг бүх татвараас чөлөөлөгддөг байна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих гурав дахь хөшүүрэг нь ногоон гэрчилгээ юм. Жишээ нь, салхин, жижиг цахилгаан станцтай иргэнд олгодог эл гэрчилгээний дагуу дараа нь зарж, борлуулах боломж бүрддэг байна.
Энэ бүхнээс гадна шведүүд биомассын (модны аж үйлдвэрийн хаягдлыг боловсруулах замаар), ахуйн хог хаягдлаас эрчим хүчний нөөц бүрдүүлдэг юм байна. Тухайлбал, хэд хэдэн хотын хувийн байшингуудыг хог хаягдал дахин боловсруулах зуухны эрчим хүчээр хангадаг аж. Үүнийг бага температуртай эх үүсвэр хэмээдэг бөгөөд иргэд хүсвэл нэмэлтээр бойлер ашигладаг юм байна. Өдгөө Шведэд төвлөрсөн халаалтын системтэй бараг бүх хотод нүүрс, нефтийн оронд биомасс ашигладаг болсон талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Эрчим хүч, цаг уурын газраас мэдээлжээ. Тиймээс энэ салбарт Европын Холбооны удирдагчдын нэг болсон бөгөөд тус тивийн нийтлэг зорилго нь 2030 он гэхэд цахилгаан үйлдвэрлэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувийг 27-д хүргэх юм. Гэхдээ Швед улс үүнийг даван биелүүлэв. Энэ онд гэхэд тээврийн салбарт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 10 хувьд хүргэх зорилгоо биелүүлжээ. Эцэст нь 2045 он гэхэд Швед уур амьсгалын хувьд төвийг сахисан улс болохоор зорьж буй. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэнэ гэсэн үг юм. Ташрамд дурдахад, Шведэд зөвхөн төрийн бодлого нь “ногоороод” зогсохгүй иргэд нь ч байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон. Жишээ нь, шаардалагагүй бол хувцас, эд зүйл худалдаж авахаас татгалздаг хэв маягийг хэвшил болгосноороо мөн алдартай.
Бэлтгэсэн: Э.Хана