Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” болон Германы био инженерийн “BioNTech” компаниуд хамтран хөгжүүлсэн “COVID-19”-ийн эсрэг вакциных нь эмнэл зүйн гурав дахь шатны туршилт амжилттай болсон талаар мэдэгдэв. "Үр дүнгийн талаарх эхний завсрын дүн шинжилгээгээр “BNT162b2” вакцин “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэхэд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн" гэж компаниудын мэдэгдэлд дурдсан байна. Дээрх дүгнэлтийг хяналт шалгалтын хараат бус хорооны мэргэжилтнүүдийн 11 дүгээр сарын 8-нд вакцины туршилтын үр дүнд хийсэн эхний завсрын дүн шинжилгээнд үндэслэсэн мэдэгджээ. Тус вакцины гурав дахь үе шат долдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд туршилтад 43538 хүн оролцсон байна. "Одоогийн таамаглал дээр үндэслэн бид 2020 онд дэлхий даяар 50 сая хүртэлх тун вакцин, 2021 онд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна" гэж тус компани цахим хуудсандаа мэдээлжээ.