АНЭУ-д согтууруулах ундаа хэрэглэх, гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдрахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо больж буйг “National” сонинд мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Халиф бен Заид Аль Нахайян Хувийн статус, Эрүү, эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан гэнэ. Энэ нь гэрлэлт цуцлуулах, өв залгамжлах журмаас эхлээд согтууруулах ундааны хэрэглээг хамарсан хууль, эрх зүйн бүхий л тогтолцоонд сүүлийн жилүүдэд хийсэн томоохон шинэчлэл боллоо.
“National” сонинд бичсэнээс үзвэл яаралтай хэрэгжүүлж эхлэх хуулиуд нь жуулчид болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмж татах, иргэддээ зориулсан журмыг хялбарчлахад чиглэжээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн тухай зүйл ангийг хүчингүй болгосон нь тийм ундааг хувийн хэвшлийн, эсвэл тусгайлан заасан газарт уусан, хадгалсан, худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлагад татахгүй. Харин 21 насны хязгаар хэвээр байна. Насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа худалдсан хүн хуулийн дагуу шийтгэл хүлээнэ. АНЭУ-д согтууруулах ундааны хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг 2018 оноос аажмаар цуцалж байгаа юм. Тэр үед тус улсын эрх баригчид шашны баярын өмнөх өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэх, худалдахыг хориглодог хуурай өдрүүдийг цуцалжээ. Түүнчлэн энэ оны есдүгээр сард дэлгүүр, баар, ресторанаас архи, согтууруулах ундаа худалдаж авах зөвшөөрлийн тусгай картыг цуцалсан байна. Дубайд картын систем саяхныг хүртэл үйлчилдэг, жуулчид түр зөвшөөрөл авдаг байжээ. Нөгөөтээгүүр, одооноос эхлэн 14-өөс дээш насныханд өөр хоорондоо зөвшилцсөн харилцааг гэмт хэрэгт тооцохгүй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн эмгэгтэй хүмүүст халдсан тохиолдолд оноох ялыг чангатгав. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял онооно. Эмэгтэйчүүдийг дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэхэд илүү хатуу шийтгэл ногдуулах болов.