ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар Уулын Карабахт гал зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Энэ тухай Арменийн Засгийн газрын тэргүүн “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Энэхүү гэрээ түүний хувьд туйлын хэцүү шийдвэр байсныг Никол Пашинян уг мэдэгдэлдээ онцолжээ. “Карабахын дайныг 01:00 цагт зогсоох тухай мэдэгдэлд ОХУ, Азербайжаны төрийн тэргүүн нарын хамт гарын үсэг зурсан. Гаргасан мэдэгдэл нь миний хувьд болон манай ард түмний хувьд хүнд байсныг үгээр илэрхийлэх аргагүй. Дайны нөхцөл байдал, үүнийг хамгийн сайн мэддэг хүмүүсийн үнэлэлт дүгнэлтэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргалаа” хэмээн тэрбээр бичсэн байна. Уулын Карабахын сөргөлдөөний бүсэд Оросын энхийг сахиулагчдыг оруулахаар болжээ. Мэдэгдэлд дурдсанаар, Оросын энхийг сахиулагчдыг оруулахтай зэрэгцэн Уулын Карабахаас Арменийн цэргүүд гарах юм байна. Энхийг сахиулагчдыг таван жилийн хугацаатайгаар байршуулах бөгөөд хугацаа дуусахаас хагас жилийн өмнө аль ч тал энхийг сахиулагчдыг байршуулахыг зогсоох тухай мэдэгдэл гаргахгүй бол хугацаа дахин таван жилээр сунгагдах юм байна. Мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Уулын Карабахд Оросын төдийгүй Туркийн энхийг сахиулагчид байршина гэж мэдэгдлээ. "Карабахын энхийг сахиулах төвд Орос төдийгүй Туркийн цэргийн албан хаагчид байрлана" хэмээн тэрбээр ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ онцолсон байна. Карабахын тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсны дараа Арменийн нийслэл Ереван хотын төв талбай засгийн газрын ордоны өмнө олныг хамарсан жагсаал болжээ. Жагсагчид Уулын Карабах дахь дайныг зогсоох шийдвэрийг эсэргүүцэн зарим нь Засгийн газрын ордон руу дайран орсон байна. Эсэргүүцэгчид тус улсын цэргийн удирдлагаас хэн нэгнийг байдлыг хяналтандаа авахыг шаарджээ. Жагсагчид дараа нь парламентын ордон руу нэвтэрсэн байна. Пашинян ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн гэдгээ нэмж дурдаад Засгийн газрын ордон, Парламентын ордон руу нэвтэрч эмх замбараагүй байдал өдөөсөн бүх хүмүүсийг хатуу шийтгэнэ гэж цохон тэмдэглэжээ. “"Мэдэгдэлд гарын үсэг зурахаас өөр гарц байсангүй. Энэ нөхцөл байдалтай холбогдуулж та бүхэнд олон зүйлийг хэлэхийг хүсч байна. Гэхдээ одоогоор хэлж чадахгүй нь. Учир нь миний үгс одоо үүргээ гүйцэтгэж байгаа цэргийнхэнд аюул учруулах болно. Энэ бол ялалт биш хэдий ч өөрийгөө та бүхэн ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс нааш ялагдал ч биш байх болно. Бид ялагдсан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Уулын Карабахд нөхцөл байдал хурцадсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд өрнөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. 1988 онд Уулын Карабахын автономит муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласны дараа Армен, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна. Энэ оны долдугаар сараас эхлэн байдал хурцадсаар есдугээр сард дайн дахин элсэн. Өнгөрсөн баасан гаригт Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Уулын Карабахын нутаг дэвсгэр дэх байлдааны сөргөлдөгч талууд болох Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзалт хийн , гал зогсоохоор тохиролцсон ч энэ эвлэрэл үйлчлээгүй, талууд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж.