Дэлхийн төр засгийн тэргүүнүүд Жо Байденд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэж эхэлжээ. Жозеф Байден болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нарыг хамгийн түрүүнд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо баяр хүргэсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирээдүйн Цагаан ордны тэргүүнийг хүлээн зөвшөөрсөн "цөмийн таван орны" удирдагчдын анхны хүн болжээ. Түүний араас Францын тэргүүн Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар баяр хүргэжээ. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху баяр хүргэхдээ Байденыг тус улсын агуу анд хэмээгээд хоёр улсын хоорондын холбоо бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампт Ойрхи Дорнодын улсад найрсаг хандаж, Иерусалим ба Голан өндөрлөгүүдийн статусын талаарх байр суурь мөн Ираныг эсэргүүцсэнийх нь төлөө талархлаа илэрхийлжээ. Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла мэдэгдэхдээ, дэлхий дахины хувьд тун хэцүү байгаа энэ цаг үед АНУ-ыг удирдах боломжийг ард түмэн түүнд өгчээ гэжээ. Түүнчлэн түншүүдийн харилцааг бэхжүүлнэ гэж найдаж буйг тэрбээр илэрхийлсэн байна. Үүнээс гадна Австрийн канцлер Себастьян Курц, Египетийн Ерөнхийлөгч Абдель, Исландын Засгийн газрын тэргүүн Катрин Якобсдоуттир, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомар Токаев нар Ж.Байденд баяр хүргэсэн байна. Ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй улсын тоонд ОХУ, БНХАУ, Турк, Словени, Мексик зэрэг улс оржээ.