АНУ-ын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилсээр байна. “Fox news” телевиз, “Associated press” агентлаг зэрэг тус улсын хэвлэл мэдээллийн гол хэрэгслийн мэдээлснээр, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214, Жозеф Байден 290 төлөөлөн сонгогчийн санал авчээ. Ж.Байден сонгуульд ялснаа хэдийн зарласан бол Д.Трамп санал хураалтын дүнгийн талаар шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Ж.Байденыг ялагчаар албан ёсоор зарлавал тэрбээр тус улсын 46 дахь, хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болох юм. Хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд мэдээлснээр, сонгуульд ялсан, Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жозеф Байден эх орон нэгтнүүдээ нэгтгэж, олон улсын тавцанд Америкийн нэр хүндийг сэргээхээ Делавэр муж улсад дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлэхдээ мэдэгдэв. Түүний хэлсэн үгийг тус улсын бүх телевизээр шууд дамжууллаа. “Ард түмэн үгээ хэлж, бид сонгуульд баттай ялалт байгууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дэх хамгийн олон буюу 74 сая санал авч, бид яллаа. Нийгмээ ялгаварлахын оронд нэгтгэдэг Ерөнхийлөгч болохоо би амлаж байна” гэж тэрбээр хэлжээ.
“Америкчуудыг анагаах, улсынхаа үндэс болсон дунд давхаргыг сэргээх, дэлхий дахинд Америкийг дахин хүндэтгэдэг болгох, улс орноо эв нэгдэлтэй байлгахын тулд би энэ албан тушаалын төлөө өрсөлдсөн юм” гэж Ж.Байден мэдэгдэв. Түүний хэлснээр, одоо дэлхий даяар Америкийг ажиглаж байна. АНУ даян дэлхийн чиг баримжаа байж, өөрийн жишээгээр үлгэрлэн дагуулж чадна гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлжээ.
АРЬСНЫ ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХГҮЙ
Үүний сацуу Ж.Байден АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгахаа мэдэгдээд, сонгуульд түүнийг африк гаралтай америкчууд идэвхтэй дэмжсэнийг тэмдэглэжээ. “Та бүхэн намайг үргэлж дэмждэг. Би ч та нарыг дэмжих болно” гэж тэрбээр АНУ-ын өнгөт арьстан иргэдэд хандан хэлэв. Америкийн Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Камала Харрис уг албан тушаалыг хаших өнгөт арьстан анхны эмэгтэй болохыг Ж.Байден онцолсон байна.
СӨРӨГ ХҮЧНИЙХЭНД ДАЙСАН МЭТ ХАНДАХГҮЙ
Сөрөг хүчнийхэндээ дайсан мэт хандахгүй байхыг тэрбээр дэмжигчдэдээ уриаллаа. “Хүн бүрт боломж олгох, хурц шүүмжлэл, улс төрийн сөргөлдөөнөө намжаах цаг боллоо. Нэгнээ давахын тулд өрсөлдөгчдөө дайсан мэт хандахаа бид болих хэрэгтэй. Тэд бидний дайсан биш. Тэд ч бас америк хүн” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Байден мэдэгджээ. Тэрбээр Америкийн одоогийн Төрийн тэргүүн, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампын төлөө саналаа өгсөн америкчуудад “Та нар гайхаж байгааг би ойлгож байна. Би хоёр ч удаа ялагдаж байсан. Бүх юманд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэж библи бидэнд сургадаг. Барьж байгуулах, үр өгөөжөө хүртэх, шархаа эдгээх цаг гэж бий. Одоо Америкийг анагаах цаг болсон” гэж хэлсэн байна.
ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ, ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭНЭ
“АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж эхлэх ёстой. Өөрчлөлтийг хяналтдаа авч, дэлхийгээ аврахын төлөө тэмцэхийг тэргүүлэх зорилтуудынхаа нэг болгоно” хэмээн Ж.Байден мэдэгдэв. Даваа гаргаас (Өнөөдрөөс) шинэ төрлийн коронавирусийн тархалт, цар тахалтай тэмцэх төлөвлөгөө боловсруулах шинжээчдийн бүлгийг тэрбээр томилох гэнэ. “Ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос амьдралд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах эрдэмтэн, шинжээчдийн нэрсийг даваа гарагт зарлана. Эл төлөвлөгөө шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлана. Нэг ч хүчин чармайлт, нэг ч төлөвлөгөө үргүй өнгөрөх ёсгүй” гэж тэрбээр хэлжээ.
ГАДААД БОДЛОГЫН АРВИН ТУРШЛАГАТАЙ
Делавер муж улсын Уилмингтонд болсон цуглааны индэр хүртэл хэдэн метр газрыг Жозеф Байдан гүйж туулав. Энэ сарын 20-нд 78 нас хүрэх тэрбээр бие сайтайгаа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр 1942 онд АНУ-ын Пенсильвани муж улсын Скрантон хотод ирланд, англи гаралтай, католик шашинт гэр бүлд мэндэлжээ. Амьдралынхаа дийлэнх хэсгийг Делавэрт өнгөрүүлж, 1968 онд Нью-Йорк муж улсад суралцан, хуульчийн дипломтой болсон байна. Дараа нь 1969-1972 онд Делавэр муж улсынхаа Уилмингтон хотод өмгөөлөгчөөр ажиллаж байгаад хувийн хуулийн фирм байгуулжээ. Тэрбээр хоёр удаа гэрлэсэн. Түүний анхны эхнэр болон охин 1972 онд автын ослоор амиа алдсан бол 2015 онд том хүү Бо нь 46 насандаа тархины хорт хавдраар нас барсан юм. Үүний улмаас Ж.Байден 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй аж. 1988 онд тэрбээр тархины хоёр ч мэс засал хийлгэжээ. Энэ нь Ж.Байдены эрүүл мэндэд одоо ямар ч нөлөө үзүүлэхгүй болохыг сонгуулийн кампанит ажил эхлэхийн өмнө эмч нь мэдэгдсэн байна. “Forbes” сэтгүүлд бичсэнээс үзвэл, тэрбээр есөн сая долларын хөрөнгөтэй гэнэ.
Ж.Байден 1973-2009 онд Делавэраас сонгогдсон сенатчаар ажиллахдаа улсынхаа гадаад бодлогод хамгийн их нөлөөлсөн хууль тогтоогчдын тоонд багтаж, Конгрессын дээд танхимын Гадаад хэрэг эрхэлсэн хороог нэг бус удаа тэргүүлжээ. Сенатч байхдаа тэрбээр зэвсэглэлд хяналт тавих талаар Вашингтон, Москва хамтран ажиллахыг дэмжиж, үүнд биечлэн оролцсон байна. Балканы хойгийн байдалд АНУ идэвхтэй оролцохыг дэмжиж байсан Ж.Байден Слободан Милошевичтэй уулзсанаа дурсамжийн номдоо бичсэн төдийгүй түүнийг цэргийн гэмт хэрэгтэн хэмээсэн байдаг. Хожим тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын эсрэг НАТО цэргийн ажиллагаа явуулахыг дэмжжээ. Тэрчлэн НАТО-г дорно руу өргөжүүлж, Гүрж, Украиныг тус эвсэлд элсүүлэхийг уриалж байв. АНУ 2001 онд Афганистанд, 2003 онд Иракт цэргийн ажиллагаа явуулж эхлэхийг дэмжсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Делавэр муж улсаас сонгогдсон сенатчийг юуны түрүүнд, гадаад бодлогын талаар арвин туршлагатай, Конгрессыг дотроос нь сайн мэддэг учраас өөрийн хамтран зүтгэгчээр (Дэд Ерөнхийлөгчөөр) сонгосон гэдэг.
Ж.Байден Ардчилсан намаас урьд нь хоёр удаа буюу 1987, 2007-2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг оролдож байв. Эхний удаа кампанит ажил нь ердөө гуравхан сар үргэлжилжээ. Тэрбээр хэлэх үгээ бэлдэхдээ зохиогчийн эрх зөрчсөний учир өрсөлдөөнөөс гарсан байна. Хоёр дахь удаад сонгогчдоос хангалттай дэмжлэг авч чадаагүй юм. Гэхдээ хэдэн сарын дараа Б.Обамагийн хамтран зүтгэгч болсон юм.
МОНГОЛЫН ТАЛААР ЭЕРЭГ СЭТГЭГДЭЛТЭЙ
Дэд Ерөнхийлөгчийн хувиар Ж.Байден манай улсад 2011 оны наймдугаар сард айлчилсан бөгөөд ардчилал, зах зээлийн нийгэмд зэрэг, тайван замаар шилжсэнийг онцлоод, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд Монгол Улс ардчиллын үлгэр жишээ болсныг тэмдэглэсэн билээ.
СЮЗАН РАЙС ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР НЬ АЖИЛЛАЖ МАГАДГҮЙ
Америкийн хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд бичсэнээр, Жозеф Байдены засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар Б.Обамагийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах асан Сюзан Райс, Пентагоны тэргүүнээр Батлан хамгаалахын дэд сайд асан Мишель Флорной ажиллаж магадгүй.
Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Энтони Блинкен, Крис Кунс, Крис Мерфи, Уильям Бернс нарын нэр мөн дэвшжээ. Мөн Пентагоны тэргүүнд Тэмми Дакуорт, Жек Рид нар өрсөлдөж мэдэх гэнэ.Тэрчлэн Сангийн сайдад Төвбанкных нь Удирдах зөвлөлийн гишүүн Лаэл Брэйнард, Хууль зүйн сайдад сенатч Даг Жонс, Эрчим хүчний сайдад Эрнест Монис нэр дэвших магадлалтай бол НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчөөр Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч байсан Венди Шерман томилогдох боломжтой аж. Үүний сацуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Берни Сандерс, Элизабет Уоррен, Пит Буттежаж нар Ж.Байдены багт ажиллах бололтой.
ЖИРИЙН ИРГЭДИЙГ ХАМГААЛАГЧ
“Сунгаанд хамтран оролцох хүнээрээ жирийн иргэдийг хамгаалагч, төрийн хамгийн нэр хүндтэй албан хаагчдын нэг Камала Харрисыг сонгосноо мэдэгдэхэд таатай байна” хэмээн Ж.Байдан сонгуулийн өмнө Дэд Ерөнхийлөгчөөр сонгосон хүнээ твиттер хуудсаараа дамжуулан танилцуулахдаа мэдэгдсэн билээ. Харин Камала Харрис “Бүх амьдралаа бидний төлөө тэмцэхэд зориулсан Жозеф Байден Америкийн ард түмнийг нэгтгэж чадна. Ерөнхийлөгч болсноор тэрбээр үзэл санааг нь хүндэтгэх Америкийг бүтээнэ. Ардчилсан намаас Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар түүнтэй хамтрах болсон нь нэр төрийн хэрэг бөгөөд түүнийг ерөнхий командлагч болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ хэмээн мэдэгдэж байв.
2010-2017 онд Калифорни муж улсын ерөнхий прокуророор ажилласан, 55 настай Камала Харрис Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн АНУ-ын анхны өнгөт арьстан эмэгтэй болсон юм. Урьд нь энэ албан тушаалд нэрээ дэвшүүлж байсан хоёр эмэгтэй хоёул цагаан арьстан бөгөөд тэд амжилтад хүрээгүй юм.
Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн таамаглаж буйгаар, Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис энэ удаагийн сонгууль урьд өмнө байгаагүй өндөр ирцтэй байсанд сонгогчдодоо талархал илэрхийлжээ. “Сонгууль урьд өмнө байгаагүй өндөр идэвхтэй оролцсонд та бүхэнд баярлалаа. Сүүлийн хэдэн сар уй гашуу, гуниг гутрал, зовлон шаналлаар дүүрсэн хүндхэн үе байсан. Гэсэн ч бид эр зориг, тэсвэр хатуужил, өгөөмөр сэтгэлийн гэрч боллоо. Та бүхэн Америкийн шинэ өдрийг угтаж байна” хэмээн тэрбээр Делавер муж улсад үг хэлэхдээ мэдэгджээ.