АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп "зөвхөн хууль ёсны саналууд"-ыг тоолвол өөрийгөө сонгуульд ялсан хэмээн Пүрэв гарагт мэдэгджээ. “Хууль ёсны саналыг тоолбол би төвөггүй ялчихна. Хууль ёсны бус саналыг тоолбол бидний сонгуулийг луйвардахыг оролдож байна гэсэн үг. Хэрэв оройтож ирсэн саналыг тооцвол.Маш олон санал оройтож ирсэн. Маш олон санал оройтож ирсэн” тэрээр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. “ Хэдий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ихээхэн хөрөнгө мөнгө, том технологийн компаниуд сонгуульд хөндлөнгөөс оролцож байгаа ч би Флорида, Айова, Индиана, Охайо зэрэг олон чухал мужид үнэмлэхүй ялалт байгуулсан” гэж Америкийн тэргүүн нэмж мэгэдсэн байна. Мөн тэрбээр Ардчилсан намыг бүгд найрамдахчуудын саналыг тооцохгүйн тулд "луйврын санал асуулга" явуулах замаар сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж байгаа хэмээн буруутгасан байна. "Одоо бүгд хүлээн зөвшөөрч байгаачлан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулгууд нь нэр нөлөө бүхий бүлгүүдийн сонгуульд жинхэнэ утгаараа хөндлөнгөөс оролцсон гэдгийг одоо бүгд мэдэж байгаа. Эдгээр санал асуулгууд хуурамч гэдэг нь гарцаагүй. Манай сонгогчдыг гэрт нь байлгах, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд хуурамчаар давуу тал үүсгэх, Бүгд найрамдахчуудын хандив цуглуулах боломжийг нь багасгахын тулд зохиомлоор явуулсан эдгээр санал асуулгыг би хуурамч гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ санал асуулгууд нь ирцийг бууруулах зорилготой байсан бөгөөд одоо бүгд үүнийг мэддэг болсон. Тэднийг энэ удаагийн сонгууль шиг ийм өргөн цар хүрээтэй ашиглаж байгаагүй" гэж Трамп хэллээ. Түүнчлэн өөрийнх нь ялалтыг "авлигаар" хулгайлахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцоллоо. “ Бидний зорилго бол сонгуулийн хараат бус байдлыг хамгаалахад оршино. Ийм чухал сонгууль болон аливаа сонгуулийг хахуулиар будлиантуулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй, сонгогчдын амыг хамхих үйлдлийг бид гаргахгүй" гэж Ерөнхийлөгч Трамп цохон тэмдэглэсэн байна. Саналыг тоолж дууссаны дараа Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены Аризона дахь ялалтыг булаана гэдэгт гэж Трамп найдаж байгаа аж. Тэрээр "Өнөөдөр бид Аризонад ялалт байгуулахаар байна. Тоолоогүй саналын хуудасны 55% -ийг авах ёстой гэж бодож байна. Юу болохыг харцгаая. Гэхдээ бид Аризонад бүх зүйл гайхалтай сайхан болгохыг төлөө явж байна" гэжээ. Түүнчлэн шуудангаар санал хураалт явуулах асуудалд санаа зовниж буйгаа өмнө нь нэг бус удаа илэрхийлсэн гэдгээ Д.Трамп сануулан дурджээ. “Энэ тухай би хэдэн сарын туршид ярьсан билээ. Шуудангаар явуулсан саналын хуудсууд гай болно гэж би ярьж байсан. Шуудангаар санал авах арга барил нь АНУ-ын сонгуульд асуудал тарьж байсан удаатай” гэж Д.Трамп хэлсэн байна. Цагаан ордны тэргүүн сонгуулийн дүнтэй холбогдуулан бий болоод байгаа нөхцөл байдал удахгүй тодорно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. “Энэ бүхэн удахгүй учир нь олдоно гэдэгт найдаж байна. Гэсэн хэдий ч энэ явц олон шүүх ажиллагаагаар орох байх. Эцэст нь АНУ-ын Дээд шатны шүүх шийдвэрийг гаргана гэж би мэдрээд байна” хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн мэдэгджээ.
АНУ-ын сонгууль нь “electoral college” буюу төлөөлөн сонгогчийн санал, Хоёрдугаарт: Ард түмний санал гэсэн хэлбэрээр явагддаг. Өөрөөр хэлбэл АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу “төлөөлөн сонгогчид” Ерөнхийлөгчийг сонгоно. Нийт 538 төлөөлөгчийн 270-ынх нь саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах юм. АНУ-ын муж тус бүрт Конгрессын дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн ногдох бөгөөд өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгчийг эдгээр 538 “төлөөлөн сонгогч” шийдвэрлэх бөгөөд иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн сонгогч"-ийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно.