Коронавирусийн хувирсан хэлбэрийг тээгч төдийгүй хүнд халдаагч байж болзошгүй хэмээн бүх булгаа устгах шийдвэрийг Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен гаргажээ. Тийм вирус 12 хүнээс илэрсэн аж. Эл вирус эсрэг бие үүсэх боломжийг сулруулдаг онцлогтой бөгөөд “Ковид-19”-ийн вакцин ашиглахад хүндрэл үүсгэж мэдэх гэнэ. Булганаас илэрүүлсэн вирус халдвар тархалттай тэмцэхэд хүндрэл учруулж болзошгүй гэж тус улсын Засгийн газар үзсэн байна. Данийн 1139 фермд коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд 67 нь амьтангүй, 23-ынх нь байдал тодорхойгүй байгаа гэнэ. Хувирсан вирус Данид төдийгүй бусад улсад тархсан байж болзошгүй гэж тус улсын холбогдох албаныхан үзэж байна. Булгаа устгахад фермийн эрхлэгчдэд Данийн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын агентлагийнхан туслах аж. Амьтдыг нь устгасан фермийнхэнд 362-441 сая ам.долларын нөхөн төлбөр улсаас олгох гэнэ. Эл амьтны арьсан үслэг эдлэлийн экспортын хэмжээ өнгөрсөн онд тус улсад 475 сая ам.долларт хүрсэн байна.