Шуудангаар илгээсэн саналын хуудасны тоо нэмэгдсэний улмаас энэ жилийн сонгуулийн дүн хэдэн өдөр, эсвэл долоо хоногоор хүлээгдэхийг АНУ-ын албаны хүмүүс анхааруулсаар байна. Шуудангаар илгээсэн саналын хуудсаа хэзээ, хэрхэн тоолох талаар муж улс бүр харилцан адилгүй журамтай. Зарим муж улсад эцсийн дүнгээ гаргахад хэдэн долоо хоног шаардлагатай болдог аж. Хамгийн сүүлд 2000 онд ялагч Ж.Бушийг сонгуулиас хойш нэг сарын дараа Дээд шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд баталсан байдаг. Энэ удаа ялагч шууд тодорсонгүй. Жозеф Байден 70 722 759 сонгогчийн дэмжлэг авсан нь түүхэнд тэмдэгдэх хамгийн олон саналд тооцогдов. Түүнээс өмнө 2008 онд Барак Обама 69.5 сая орчим санал авсан байна. Сонгуулийн маргааш буюу өчигдөр Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байден 264, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп 214 төлөөлөн сонгогчийн санал авсан байв. Тэд ялагчаар тодрохын тулд 270 төлөөлөн сонгогчийн дэмжлэг авах ёстой. Невада (зургаан төлөөлөн сонгогч), Пенсильвани (20), Жоржиа (16), Умард Каролина (15), Аляска (гурав) муж улс саналаа тоолсоор байна.
ТРАНСЖЕНДЕР ЭМЭГТЭЙ СЕНАТЧ БОЛОВ
Делавар муж улсын сонгуульд ялсан Сара Макбрайд АНУ-ын анхны трансжендер сенатч болж байна. Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Стив Вашингтоныг ялж, сонгуульд дахин нэр дэвшихгүй байхаар шийдсэн Ардчилсан намын гишүүн Харрис МакДовеллын оронд сонгогджээ. Өдгөө 30 настай Макбрайд урьд нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцдэг “Human rights campaign” байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга байв. Тэрбээр Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед Цагаан ордонд дадлагажигчаар ажилласан гэнэ. Одоо тэрбээр тус улсын хамгийн өндөр албан тушаал хашдаг трансжендер болж байна. Түүнээс гадна 26 настай Тейлор Смолл Төлөөлөгчдийн танхимд Вермонт муж улсыг төлөөлөн суух анхны трансжендер хууль тогтоогч болов. Мөн Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүн, 32 настай Ричи Торрес АНУ-ын Конгресст сонгогдсон анхны өнгөт арьстан ижил хүйстэн болжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнөөс гарсан, социалист Берни Сандерсын кампанит ажилд оролцож байсан ардчилсан үзэлтэн юм. Умард Каролина муж улсад Бүгд найрамдах намын гишүүн, 25 настай Мэдисон Коутон Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон нь АНУ-ын хууль тогтоох байгууллагын түүхэн дэх хамгийн залуу гишүүн болсон байна.
Америкийн хэвлэлүүдэд “QAnon”-ы хуйвалдааны онолыг нээлттэй дэмжигч АНУ-ын анхны хууль тогтоогч” гэгдэх, 46 настай Маржори Тейлор Грин Төлөөлөгчдийн танхимд Жоржиа муж улсаас үнэмлэхүй олонхын саналаар сонгогджээ. Тэрбээр тус муж улсыг Конгресст төлөөлөх анхны эмэгтэй болов. Тэрчлэн сансрын нисэгч Марк Келли Аризона муж улсаас Сенатад сонгогджээ. Гэхдээ тэрбээр сенатч болсон анхны сансрын нисэгч биш аж. Түүнээс өмнө энэ цолыг Жон Гленд эзэмшжээ. Тэрбээр 1974-1999 онд тус муж улсыг Сенатад төлөөлсөн аж.
ЗАРИМ ТҮҮХЭН ШИЙДВЭР
Сонгуулийн өдөр зарим сонгогч муж улс эсвэл хотын түвшинд дэвшүүлсэн бусад хэд хэдэн хууль, санаачилгын талаар шийдвэр гаргажээ. Орегон муж улсын сонгогчид хувийн хэрэгцээндээ бага хэмжээний хар тамхи (героин, кокаин) хадгалахыг гэмт хэрэгт тооцохгүй байхыг олонхын саналаар дэмжжээ. Мансууруулах бодистой холбоотой баривчилгааны тоог цөөрүүлэх зорилгоор уг хуулийн төслийг санал болгосон байна. Нью-Жерси, Аризона, Монтана, Өмнөд Дакота муж улсад марихуаныг амрах, мөн эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ. Колорадо, Луизиана муж улсын сонгогчид Үндсэн хууль нь үр хөндөх, эсвэл үр хөндөхийг санхүүжүүлэх эрхийг хамгаалахгүй гэсэн заалтыг гол хуульдаа нэмж оруулахыг дэмжив. 80 орчим жилийн өмнө Колорадо муж улсад устсан саарал чоныг үржүүлэх санаачилгын хувь заяаг шийдэх санал бараг тэнцүү хуваагджээ. Санал хураалтын эцсийн дүнг хараахан зарлаагүй байна.
ЦАГДААГИЙНХАН 10 ХҮНИЙГ БАРИВЧИЛЛАА
Нью-Йоркийн төвд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг шударгаар тоолохыг дэмжсэн ажиллагаа болсон нь үүнд оролцогчид болон цагдаагийнхан хоорондын мөргөлдөөнөөр дуусжээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байденыг дэмжигчид голдуу уг ажиллагаанд оролцсон байна. Зарим муж улсад явуулж буй санал хураалтыг зогсоохыг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп уриалсныг тэд эсэргүүцсэн аж. Үүнд “Өнгөт арьстануудын амь ч үнэтэй” хөдөлгөөнийхөн нэгдэж, “Цагдаагийнханд зориулдаг зардлыг багасгая. Трамп зайл” хэмээн хашхирсны дараа баривчилгаа эхэлжээ. Цагдаагийнхан 60 орчим хүнийг баривчилсан байна. Үүний дараа эсэргүүцлийн ажиллагаа тайван үргэлжилж, цагдаагийнхан хорооллыг бүсэлсэн гэнэ.
Мөн Орегон муж улсын Портлэнд хотод сонгуулийн дараа болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж, Үндэсний гвардынхныг илгээхэд хүрсэн тухай “USA today” сонинд бичжээ.