Дархлагдсан гэмт хэрэгтэн болсон Тюрикийн амьдралын зам мөр 1958 оны арваннэгдүгээр сард Башкирын нэгэн тосгоноос эхэлжээ. Түүнийг төрөөд удаагүй байхад эднийх Эрхүү мужийн Братск хотод шилжиж ирэв. Хүүхэд насандаа тэрбээр томоотой, сурлага сайтай, шатар их сонирхдог байж. Сургуулиа алтан медальтай төгсөж, хөгжимд дуртай байснаас нийслэл дэх Гнесиний нэрэмжит Хөгжим, бүжгийн дунд сургуульд орохын хүслэн болж байлаа. Тэгтэл 16 настай онц сурдаг хүү болон түүний хэд хэдэн дотно найзыг нэгэн эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт буруутгав. Шүүх хурал 1974 оны намар болж Тюрикт гурван жилийн ял өгч, ийм хэрэг өдүүлсэн хүнийг шоронд юу ч угтаж мэдэх тул тэр бүхэнтэй тэмцэх сэтгэлийн бэлтгэлтэй байлаа. Колонид ердөө гурван сар болоод байтал түүнийг 1975 оны зургадугаар сард өршөөлөөр суллажээ. Братск хотдоо буцаж ирээд дуулгавартай иргэний айвуу тайвуу амьдралд эргэж орохыг хүссэнгүй, хөгжимчин болж чадаагүй хүүгийн өмнө гэмт хэрэгтний үүд хаалга нээгдэх нь тэр. Тюрик 1980 онд хулгайн болон танхайн хэргээр шоронд дахин орлоо. Түүнд дөрвөн жилийн ял оноов. “Албаа” яс хаагаад 1984 онд эрх чөлөөтэй боллоо. Тун удалгүй садар самуун явдал, зодоон нүдээнтэй бичлэг үзүүлдэг нууц студи маягийн юм гэртээ ажиллуулах болж, “киномеханик” гэх хоч ч авчээ. “Кино”-гоо насны ялгааг үл харгалзан төлбөрийн чадвартай болгонд үзүүлнэ. Мөнгөө хуримтлуулж байгаад сургуулийн сурагчид ч ороод л ирнэ. Садар самууныг сурталчлахын зэрэгцээ, “насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэгт уруу татсан” гэх хуулийн заалт нэмэгдэж торны цаана 4.5 жил хоригдлоо. 1989 оны зургадугаар сард суллагдав.
Тюрик гэр бүлтэй болохоор шийдэж, казах эмэгтэйтэй суулаа. 1991 онд гэргийнхээ уугуул эх оронд (Казахстанд) очиж, ЗХУ бутарсны дараа тэндхийн иргэн болов. Гэлээ ч Азийн энэ улсад удаан байж чадсангүй, Братскдаа буцан иржээ. Зарим баримтаар бол эхнэргүй ирсэн байдаг. Төрөлх хотод нь цагийн өнгө аяс өөрчлөгдөж, орон нутгийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг түүнийг “атгах” болов. Харин Тюрикийн аз болоход сайн найз, тухайн цагтаа хуримд нь гэрчийн хувиар оролцож байсан Александр Моисеев (Мася) нь Эрхүү мужийн атаман болсон байж. Зөвлөлт гүрэн бутарсны дараах орон зайд хамгийн нөлөөтэй гэмт хэрэгтний нэг гэгдэх болсон Вячеслав Иваньков (Япончик) түүнийг энэ “албанд” томилох санаачилга гаргасан аж. Мася ч бүс нутагтаа “овгор” нь. Тюрик ч удалгүй түүний баруун гар болоотхов. Хөнгөн цагаан болон хөвөн цаасны үйлдвэр, хотод ганц байх мөрийтэй тоглоомын газар, Баруун Европ, Балти орчмын орнууд руу Санкт-Петербургээр дамжин мод, төмөр зөөх сүлжээ, төмөр замын өртөөнүүд эрүүгийн томоохон гэмт хэрэгтнүүдийн хяналтад оржээ. Тюрик хувийн спорт заалтай ч болов. Тэрбээр шоронд байхдаа бодибилдингээр хичээллэж байсан аж. Мася суудалдаа удаан байж чадсангүй, 1991 оны зургадугаар сарын эхээр түүнийг бие хамгаалагчтайгаа явж байхад машиныг нь дэлбэлсэн байна. Энэ нь Сергей Попов (Поп)-ын толгойлдог гүрж хүмүүсийн гэмт хэргийн бүлэглэлтэй Мася муудалцсаны үр дагавар байлаа. Тюрик энэ үеэр бас “аавын” хаалга татаж, гүржүүдтэй үзэлцэх славян эрчүүдийн эрэлд хатаж байсан мөнөөх Иваньков (япончик)-той тэнд танилцжээ. Эрж явсан хүнд нь яах аргагүй Тюрик тохирч байлаа. Тиймээс Мася алуулахад түүнийг залгамжлах хүнийг хайх хэрэггүй байв. 1991 оны намар Тюрикийг Иваньков Эрхүү мужийн “захирагчаар” томиллоо.
Энэ томилолт эрхүүгийнхний санаанд төдийлөн нийцсэнгүй. Тюрик гэмт хэрэгтнүүдтэй хэл амаа ололцохыг хичээж байсан ч Игорь Лысенко (Базиль) гэгч тун тэвчимгүй этгээд байв. Тэрбээр Тюрикийг огт хүлээн зөвшөөрсөнгүй. Ташрамд хэлэхэд, Иваньков хийгээд гэмт хэргийн ертөнцийн “хүнд гаруудын” нэг Аслан Усоян (Хасан өвөө), Захарийн Калашов нарын дэмжлэгтэйгээр Базиль 1993 оны дундуур дархлагдсан гэмт хэрэгтэн гэх хэргэм зүүв. Тюрик Эрхүү муж төдийгүй Красноярск, Хабаровскийн хязгаарт өөрийн мэдлийн объектуудтай, Питерийн гэмт хэрэгтнүүдтэй хэлхээ холбоотой байснаас Санкт-Петербургийн үйлдвэрийн газруудын зарим хэсгийг хянадаг, нөлөө нь нэмэгдсээр байсанд Базиль тун дургүй байв.
Тэгээд Тюрикийг устгахаар шийдэж 1993 оны долдугаар сард түүн рүү хоёр алуурчнаа явуулав. Гэвч тэднийг алмайрч байх хооронд Тюрик машиндаа суугаад явж оджээ. Хэдэн өдрийн дараа түүнийг устгах гэсэн бас нэг оролдлого бүтсэнгүй. Алуурчид Тюрикийг орцны нь дэргэд хүлээж, гараад ирэхээр нь мотоциклоор ойртож очоод буудах нь зөв юм байна гэж үзэв. Гэвч зөн совин нь Тюрикийг бас л аварчээ. Машинтайгаа гэрийнхээ гадна иртэл мотоцикл ойртож ирэх дуу сонсоод буулгүй давхиад явж. Гурав дахь удаагаа алуурчид орцных нь ойролцоо отлоо. Тэгтэл Тюрик эмэгтэй хүний хамт гарч ирэхээр нь хоёуланг нь устгачих уу, яах вэ гэдгээ шийдэж ядаж байтал нь машиндаа суучихав. Энэ агшинд Базилийн явуулсан хүмүүсийн нэг нь Тюрикийн машин руу гүйж очоод онгорхой цонхоор нь тэсрэх бөмбөг шидсэн ч тэр нь машин оноод алуурчны өөдөөс ойсон тул хажуу тийш үсэрч байж арай амиа алдалгүй шархдаад хоцорсон байна. Базилийн хүмүүс удаа дараа бүтэлгүйтсэн хэдий ч үүнээс хойш ч Тюрикт амар заяа үзүүлсэнгүй. Дөрөв дэх удаадаа тэд аргаа өөрчилж, нэгэн ажил хэрэгч уулзалтаас гараад Тюрикийн явах ёстой байсан замд нь дэлбэлэхээр бэлджээ. Гэтэл бас л бүтэлгүйтэх нь тэр, тэрбээр өөр замаар явчихсан аж. Цусанд шунасан Базилийн Тюрикийг алах гэсэн хүчин зүтгэлийг өөрийнх нь үхэл л зогсоолоо. Тэрбээр 1998 оны гуравдугаар сард бие хамгаалагчтайгаа цуг Санкт-Петербургэд алагджээ.
Гэхдээ Базиль үхсэнээр Тюрикт нүүрлэх таагүй явдал дууссангүй, дайснууд нь түүнийг нөгөө ертөнц рүү тонилгохыг оролдсоор. Тиймээс азаа сорихоо больж, 1998 онд Испанид очив. Оросын гэмт хэрэгтнүүд шийтгэл, цээрлэлээс зугтаж энэ улсыг зорих нь олонтоо. Бенидорм хотод харшдаа тухлаад Тюрик таг чиг болж, таван жил түүний тухай бараг чимээ анир гарсангүй. 2003 оны гуравдугаар сард Испанийн Аликанте хотын Montiboli зочид буудалд нүсэр дайллага болсон нь Захарий Калашов төрсөн өдрөө тэмдэглэсэн хэрэг байлаа. Энд Оросын гэмт хэргийн ертөнцийн өнгийг тодорхойлогч Тюрикийн зэрэгцээ Хасан өвөө, Тариэл Ониани (Таро), Виталий Изгилов (араатан хочит) нар болон бусад “томчууд” заларсан байв. Ёслол цуглаан шинжтэй болж, Оросоос нууцаар гаргасан мөнгийг угаах хөтөлбөрөө Калашов танилцуулж, тэр мөнгийг хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө болгохыг санал болгожээ. Тэнд байгсад саналыг дэмжив. Испанийн цагдаагийн байгууллагын мэдээллээр бол “Испани угаалгын газар” гэх энэ ажиллагаанд Тюрик оролцож, угаасан мөнгөөрөө Mercedes машин, Ориуэла мужид тансаг харш худалдаж авсан байна. Испанид суурьшсан том гэмт хэрэгтнүүдийн нэрс 2005 онд цагдаа нарын гарт ороогүй бол эрүүгийнхний бий болгосон хонгил Европт ямар хэмжээнд хүрэх байсныг таахад бэрх. Уг нэрсийг Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан байсан Александр Литвиненко учир битүүлгээр амиа алдахаас хагас жилийн өмнө цагдаа нарт өгсөн гэсэн яриа байдаг.
“Оросын мафид” Испанийн хүчний байгууллагынхан үхлийн цохилт өгөхөд бэлэн болоод байсан яг тэр үед Тюрикийн аз болоход Москва руу явчихсан байв. Хэдхэн хоноод Европ руу буцах гэж байтал нэгжлэг, баривчилгааны тухай мэдээлэл түүнд хүрчээ. Испани руу явахаа хойшлууллаа. Гэлээ ч Испанийн цагдаа нар тэгсгээд л буугаад өгчих бодолгүй байв. 2005 оны аравдугаар сарын 26-нд тэд Тюрикийг баривчлах олон улсын эрх олж авлаа. Интерполын лавлахад түүний талаарх мэдээллийг улаан өнгөөр ялгасан байсан нь баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэсэн газар нь шилжүүлэн өгөхийг үүрэг болгосон нь тэр байв. Тэгтэл Тюрикийг баривчилсан гэх мэдээлэл Монголоос ирсэн байна. Испаничууд баярлан давхиж очсон чинь Тюрикийг биш ахыг нь саатуулсан байжээ. Гэлээ ч тэрбээр баривчлагдахаас зайлж чадсангүй. Түүнийг Орост байна гэх сураг гарав. Тюрикийг 2010 оны арваннэгдүгээр сарын 2-нд Шинэ Арабатад байх “Купол” зоогийн газар оройн хоол идэхээр ирэхэд нь баривчиллаа. Энэ ажиллагаа чимээ аниргүй болж, гэмт хэрэгтэн ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Түүнийг “Бутыркад” хорив.
Тюрикийг Оросоос Испанид авчрах шалихгүй ажил хүлээж байлаа. Тэрбээр Казахстаны иргэн тул Орос түүнийг саадгүйгээр шилжүүлэх ёстой. Гэтэл нөгөө гэмт хэрэгтэн чинь Оросын иргэний паспорт гаргаж ирээд мөрдөн байцаагчид харуулдаг байгаа. Оросын холбогдох байгууллагад хандсан чинь Оросын иргэний паспорт олгосон нь алдаа байж, энэ хүн Казахстаны иргэн гэсэн хариу ирүүллээ. Тэгтэл Казахстан ч түүнээс салахыг хичээх нь тэр. Ийнхүү Тюрик эрх зүйн хувьд аль ч улсын иргэн биш болжээ. Оросын тал болохоор түүнийг шилжүүлж өгөхөд ямар нэг саад байхгүй гэж үзээд бүх бичиг баримтыг нь бэлэн болгочихоод байтал гэмт хэрэгтний хөлсөлсөн өндөр өртөгтэй өмгөөлөгчид хөндлөнгөөс гараад иржээ. Тэд Братск хотын эрх бүхий байгууллагаас олгосон лавлах үзүүлэв. Түүгээр бол Тюрик хар багаасаа 1992 оны хоёрдугаар сар болтол Эрхүү мужид аж төрсөн, тиймээс өөрийгөө ЗХУ, Оросын иргэн гэж үзэх бүрэн эрхтэй болоод явчихжээ. Оросын Дээд шүүх 2012 оны хоёрдугаар сард Тюрикийг Оросын иргэн болохыг хүлээн зөвшөөрлөө. Энэ үед гэмт хэрэгтнийг гэрийн хорионд шилжүүлсэн төдийгүй “Эдийн засаг ба удирдахуй” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахад Тюрик бэлэн болсон байв. Удалгүй Оросын Ерөнхий прокурорын газар түүнийг Испанид шилжүүлж өгөхөөс татгалзсан тул Тюрик дахин эрх чөлөөт иргэн боллоо.
Тюрикийн биед хоёр огт өөр хүн байх мэт. Нэг нь гэмт хэрэгтний дэгээр явсан хатуу ширүүн, харгис хэрцгий этгээд. Нөгөө нь хөгжмөө сонирхдог нь хэвээр, Гнесиний нэрэмжит Хөгжим, бүжгийн дунд сургууль төгсөж, Их театрт байсгээд очно. Сэхээтэн гэр бүлээс гаралтай бүсгүйчүүдийг сонирхдог түүний хамгийн нэрд гарсан сэвгэр нь дуурийн дуучин Мария Максакова байв. Түүнийг “Бүгдийг гэртээ байхад нь” нэвтрүүлэгт оролцож байхыг нь Тюрик хараад зүрх сэтгэлийг нь эзэмдэхээр шийдсэн гэдэг. Гэхдээ л халдаж зүрхлэхгүй дөлөөд л байж. Найз нөхдөөрөө зуучлуулан байж уулзах гэтэл Максакова ер халгаасангүй. Эрмитажид нэг удаа тааралдахдаа Тюрик зориг гаргахаар шийдсэнээр тэдний харилцааны түүх эхэлжээ. Тэд хурим хийсэнгүй. Гэмт хэрэгтнүүдийн “хуулиар” албан ёсоор гэрлэхийг хориглодогтой холбоотой байсан биз. Максакова Төрийн Думийн депутатад нэрээ дэвшүүлэхээр шийдсэн 2011 оноос тэдний харилцаанд ан цав үүслээ. Энэ зорилгод хамтран амьдрагч нь саад болохоос Максакова болгоомжилсон аж. Мария депутат болсноор тэд хоёр тийш болсон байна.
Төрийн Думд дуучин бүсгүй шинэ сонголттойгоо учирчээ. Тэр нь депутат Денис Вороненков байв. 2015 онд тэд хуримаа хийжээ. Тэгтэл Вороненковыг залилан мэхэлсэн гэх хэрэгт холбогдуулсан тул гэр бүлээрээ Киевт дүрвэж гарлаа. 2017 оны гуравдугаар сарын 23-нд Киевийн төвд Вороненков алагданаас Тюрикийг ер бусаар сонирхож эхэлжээ. Сэтгэл алдарч явсан бүсгүйнхээ нөхрийн амийг хөнөөхөд түүнийг оролцсон гэх таамаглал гарав. Максакова энэ таамаглалыг үгүйсгэж, нөхрийг нь амиа алдсаны дараа Тюрик утасдаж эмгэнэл илэрхийлсэн гэж хэлж байжээ. Удалгүй бодлоо өөрчилж, Вороненковтой суусныг нь дуулаад Тюрик заналхийлсэн гэсэн мэдүүлэг өгсөн аж.
Украины Ерөнхий прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Вороненковын амийг хөнөөх захиалгыг Тюрик өгснийг тогтоов. Сэжигтнийг Украины тусгай албад хайж эхэллээ. Зарим баримтаар бол гэмт хэрэгтэн өөрөө Оросын мөрдөн шалгах газарт очиж Максаковагийн нөхөрт муу санах юм ер байхгүй, бизнесийн талаар түүнтэй ер хамааралгүй, Вороненковын амийг хороох нь ямар ч шаардлага байхгүй гэж тэр ярьсан аж. Оросын тал түүнийг сэжиглэх үндэслэлгүй гэж үзэв. Тюрик одоо дуулгавартай, томоотой аж төрөн, өнгөрсөн амьдралынхаа тухай аливааг сөхөхөөс зайлсхийж явна. 2015 онд нэгдүгээр сард Тюрикээс “Өөрийгөө зард гарсан гэмт хэрэгтэн байсан гэж үздэг үү” гэж асуухад “Хүсвэл хуульчид маань энэ асуултад хариулна биз. Би нэг удаа хариулсан” гэж хэлсэн бичлэг нь үлджээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант