Их Британид коронавирусийн халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан дахин хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хязгаарлалтын арга хэмжээ нь ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өмнөх дэглэм шигээ хатуу биш байх боловч хүн амын уламжлалт амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт орох аж. Өнөөдрөөс /2020.11.05/ эхлээд тус улсад баар, ресторан, үсчин, кино театр, спорт клуб, хоол хүнс эсвэл нэн шаардлагатай зүйл зардаг дэлгүүрээс бусад дэлгүүрүүд хаагдах гэнэ. Мөн тусдаа амьдардаг хүмүүс нэг нэгнийдээ зочлохыг хоригложээ. Иргэдэд зөвхөн ажлын шугамаар эсвэл онцгой шаардлагатай үед гадаад дотоодод зорчихыг зөвшөөрөх аж. Харин цэцэрлэг, дунд болон их дээд сургуулиуд, парламент болон шүүхийн байгууллагууд ердийнхөөрөө ажиллах юм байна. Британид халдварын тохиолдол өдөрт 20 мянгаас давж, нас баралт 400 хүрснээр тус улсын эрх баригчид дээрх шийдвэрт хүрчээ.