Ираны эдийн засагт сөргөөр нөлөөлж буй Вашингтоны дайсагнасан бодлогыг эсэргүүцсэн 50 орчим хүн Иран дахь АНУ-ын ЭСЯ-ны гадна жагсжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сард болдог олныг хамарсан жагсаал, цуглааныг энэ онд цар тахлын улмаас хориглосон байв.
Иранд 1979 онд хэсэг оюутан Америкийн дипломат ажилтнуудыг 400 гаруй хоног барьцаалсан хэрэг явдлаас хойш жил бүр ийм жагсаал, цуглаан болдог юм. Уг хэрэг явдлын улмаас АНУ Иранаас дипломат харилцаагаа тасалсан билээ. Энэ жил жагсагчид “АНУ сөнөтүгэй” хэмээн хашхирч, Америкийн далбааг шатаасан байна. Дональд Трампын засаг захиргаа 2018 онд АНУ-ыг Ираны цөмийн гэрээнээс гаргаж, Тегераны эсрэг эдийн засгийн хоригийг чангатгасан юм. Үүний улмаас нефтийн экспорт хумигдсан нь Ираны эдийн засагт хүнд цохилт болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Ираныг чиглэсэн бодлогод нь нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Төрийн тэргүүнээр сонгогдвол АНУ-ыг 2015 оны цөмийн гэрээнд эргэн нэгтгэхээ мэдэгдсэн юм.