- Төлөөлөн сонгогчдын саналаар Ж.Байден тэргүүлж байна –
АНУ-ын иргэд ирэх дөрвөн жил улс орныг нь удирдах Ерөнхийлөгчөө сонголоо. Урьдчилсан мэдээгээр тус улсын Дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намаас дэвшсэн, 78 настай Жозеф Байден 238 төлөөлөн сонгогчийн дэмжлэгтэй байгаа бол одоогийн Төрийн тэргүүн, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, 74 настай Дональд Трамп 213 санал аваад буй тухай “Foxnews” цахим хуудсанд Улаанбаатарын 22.00 цагт мэдээлжээ. Сонгуулийн дүнг жирийн сонгогчид бус, янз бүрийн муж улсын 538 төлөөлөгчөөс бүрдсэн төлөөлөн сонгогчдын саналаар гаргадаг. Хүн амынх нь тооноос шалтгаалаад муж улс тус бүрээс 3-55 төлөөлөгч сонгогддог юм. Хэрэв нэр дэвшигчийг муж улсын сонгогчдын 50-иас дээш хувь нь дэмжвэл тэрбээр бүх төлөөлөн сонгогчийн саналыг авдаг (Мэн, Небраскагаас бусад нь). Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч болохын тулд доод тал нь 270 төлөөлөгчийн санал авах шаардлагатай.
Зарим муж улсын сонгогчид тогтсон уламжлал ёсоор зөвхөн Ардчилсан намаас нэр дэвшигчийг, нөгөө нь Бүгд найрамдахыг дэмждэг бол гурав дахь нь тэдний аль нэгийн төлөө саналаа өгдөг учраас савлагаатай муж улсууд гэдэг. Тэдгээрийн сонгогчдын дэмжлэгийг авах нь сонгуулийн өмнөх өрсөлдөөний гол зорилт болдог юм. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр савладаг муж улсын тоонд Пенсильвани, Мичиган, Флорида, Умард Каролина, Висконсин, Охайо, Жоржиа, Миннесота, Невада, Аризона багтав.
Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа зургаан муж улсын тавд нь Д.Трамп тэргүүлж байна. Тодруулбал, тэрбээр 20 төлөөлөн сонгогчтой Пенсильвани муж улсад саналын хуудасны 64 хувийг тоолсны дараах байдлаар 56.1, 16 төлөөлөн сонгогчтой Мичиганд саналын хуудасны 71 хувийг тоолсны дараах байдлаар 75, 15 төлөөлөн сонгогчтой Умард Каролинад саналын хуудасны 94 хувийг тоолж дууссаны дараах байдлаар 50.1, 16 төлөөлөн сонгогчтой Жоржиад саналын хуудасны 80 хувийг тоолж дууссаны дараах байдлаар 56, 10 төлөөлөн сонгогчтой Висконсинд саналын хуудасны 91 хувийг тоолж дууссаны дараах байдлаар 51.3 хувийн дэмжлэг авчээ. Мөн Мэн муж улсад саналаар өрсөлдөгчөөсөө давуу байна. Харин Ж.Байден саналын хуудсыг тоолж дуусаагүй байгаа муж улсуудаас ганцхан Невадад тэргүүлж явна. Тус муж улс зургаан төлөөлөн сонгогчтой бөгөөд саналын хуудасны гуравны хоёр орчмыг тоолсны дараах байдлаар 50.3 хувийн санал авчээ.
Үүний сацуу АНУ-ын Конгрессын дээд буюу Сенатын танхимд 51 суудалтай болсон улс төрийн хүчин олонх болох бөгөөд урьдчилсан мэдээнээс үзвэл Ардчилсан нам 46, Бүгд найрамдахчууд 47 гишүүнтэй болоод байна. Харин Конгрессын доод буюу Төлөөлөгчдийн танхимд 218 суудал авсан нам олонх болох бөгөөд урьдчилсан байдлаар Ардчилсан нам 180, Бүгд найрамдах нь 171 суудалтай болов.
Энэ удаагийн сонгуулиар америкчууд Төрийн тэргүүн, Дэд Ерөнхийлөгч, 35 сенатч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, муж улс, нутаг дэвсгэрийн 13 захирагч болон орон нутгийн эрх барих болон хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг сонголоо.