Гүржид болсон парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан сөрөг хүчний хэд хэдэн намын дэмжигчид парламентын ордныхоо хажууд майхан хуаран босгожээ. “Гүржийн мэдээ” цахим хуудсанд мэдээлснээр, цагдаагийнхан үүнийг эсэргүүцэж, хэд хэдэн газар мөргөлдөөн гарсан ч сөрөг хүчнийхэн майхнаа босгосон гэнэ. Сөрөг хүчний удирдагчид тэндээ хонохоо мэдэгдэж, дэмжигчдэдээ нэгдэхийг уриалжээ.
Парламентын сонгууль нь өнгөрсөн бямба гарагт болсон. Сонгуулийн төв комиссынх нь цахим хуудсанд бичсэнээс үзвэл, бүх хэсгийн хороодын саналын хуудсыг тоолсны дараа эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам 48.15 хувийн санал авч, парламентын сонгуульд ялсан билээ. Энэ удаагийн парламентад долоон нам, хоёр эвсэл суудал авчээ. Харин сөрөг хүчний зарим нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн аж.