Америкийн түүхэнд өнгөрсөн зууны 20-иод оныг “жазын эрин” гэдэг билээ. Энэ тодотголыг тухайн үед амьдарч байсан Америкийн агуу зохиолчдын нэг Френсис Скотт Фицжеральд өгсөн билээ. Жазын эринийг өөрөөр “америк” мөрөөдөл ч гэдэг . “Америк” мөрөөдөл бол баян тансаг, хөгжилтэй , хөнгөн амьдралыг хэлнэ. Френсис Скотт Фицжеральд өөрөө энэ цаг үеийнхээ баатар, үлгэр дуурайл нь байсан юм. Тэрбээр жинхэнэ “америк” мөрөөдлөөр амьдарсан нэгэн. Харамсалтай нь төгсгөл нь эмгэнэлтэй байсан юм.
Френсис Скотт Фицжеральд алдарт “алдагдсан үе” хэмээх уран зохиолчдын эгнээд багтдаг билээ. Энэ эгнээнд Эрнэст Хэмэнгуэй, Эрих Мария Ремарк, Жон О Хара, Томас Вульф, Жон Дос Пассос, Ричард Олдингтон зэрэг дэлхийн болон америкийн агуу зохиолчид бичигддэг. 1925 онд хэвлэгдэн гарсан “The Great Gatsby” \Агуу Гетсби\ хэмээх роман Френсис Скотт Фицжеральдыг дэлхий даяар алдартай болгосон бол “This Side of Paradise” \Диваажингийн нөгөө талаар\ гэсэн нэртэй бүтээл нь түүний хувь заяаг шийдсэн аж. Энэхүү романаа Френсис Скотт Фицжеральд 1920 онд бичсэн байдаг. Роман бичих болсон шалгаан нь Зельда Сейер хэмээх бүсгүй байлаа. Фицжеральдын найз Эрнест Хемингуэй андынхаа хайрт бүсгүй Зедьдад дургүй байжээ. Түүнийгээ нуудаг ч үгүй байв. Хэмингуэйн бодлоор чухамхүү Зельда зохиолчдыг архиар угжиж, бурхнаас заяасан авьяасыг нь махчин шувуу мэт тастан хаясан аж. Алдарт зохиолчдын үгэнд гашуун үнэний хувь их ч үйлийн үртэй Зельдатай таараагүй бол Фицжеральд нэг ч роман бичихгүй байж магадгүй байсан гэдэг.
Алабама мужийн шүүгчийн охин үзэсгэлэнтэй, эрх дураараа Зельда Сейер ёстой л алдаж боломгүй сүйт бүсгүйчүүдийн тоонд ордог байжээ. Тиймээс ч Зельдаг олон арван залуучууд эргүүлдэг байв. Зельда ч гэнэн томоотой нэгэн байгаагүй агаад царайлаг хөгжилтэй хөвгүүдтэй дотно харьцаа амархан үүсгэдэг байжээ. Монтгомерид байдаг Зельдагийн гэрийн ойролцоо түр байрласан 67-р явган цэргийн дивизийн бага дэслэгч Френсис Скотт Фицжеральдыг ч бүсгүй тун дажгүй царайлаг залуу байна гэж тоожээ. Тэд 1918 оны долоодугаар сард нэгэн үдэшлэг дээр танилцсан аж. Тэгэхэд Зельда дөнгөж 18 настай, Скотт 22 нас хүрч байв. Зун өнгөрч 67-р дивиз тарах болоход залуу хос гэрлэхээр шийдсэн байна. Охины эцэг эх татгалзаагүй ч гагцхүү сүйт хархүү ирээдүйн эхнэрээ тэжээж чадахуйц цалинтай ажилтай болсон цагт хуримлаж болно гэсэн нөхцөл тавьсан аж. Скотт Нью-Йорк хотын төмөр замын дэргэдэх зар сурталчилгааны агентлагт ажилд орсон ч инээд хүрэм бага цалинтай байв. Тэрбээр хайрт бүсгүйдээ сүй тавих бөгж худалдаж авахын тулд мөнгөө гамнан жижигхэн умгар өрөө хөлсөлж, хуучин хувцас өмсөж, өлөн зэлмүүн явдаг байжээ. Харин Монтгомерид үлдсэн Зельда бодох санах юмгүй эрх чөлөөтэй, урьдын адил хангалуун амьдарсаар . . .Гэхдээ бүсгүй ядуу Фицжеральдын бөгжийг авснаар гэрлэх бодлоо өөрчлөөгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нэг удаа угийн хөнгөмсөг зантай Зельда өөр залууд бичсэн захидлаа андуураад Скотт руу хаяглан явуулчихжээ. Хайрт бүсгүйгээ алдаж магадгүйг ойлгосон Фицжералд Зельдатай уулзахаар Алабама мужид давхиж ирэн бүсгүйгээс нэн даруй гэрлэхийг шаардаж, гуйж гувшиж, сүүлдээ амиа хорлоно гэж сүрдүүлжээ. Харин Зельда залуугийн өөдөөс бөгжийг нь чулуудан “Үгүй. Үгүй. Хамтдаа өлсөж үхсэнээс чи амиа хорлосон нь дээр. Скотт, чи намайг ойлгох ёстой. Би хэзээ ч ажил хийж чадахгүй, хэзээ ч хүсэхгүй. Би ажил хийхийг үзэн яддаг. Би нэг л зүйлийг хүсэж байна. Үргэлж залуу сайхнаараа байж, юугаар ч дутахгүй хөгжилтэй амьдрахыг” гэж хариулжээ.
Сэтгэл зүрхээрээ шархалсан Фицжеральд өөрийн төрсөн гэр Миннесота руугаа буцсан байна. Замдаа тэрбээр тэмдэглэлийн дэвтэртээ “Би аймшигт хар салхи шиг бүсгүйд дурлажээ. . . Гэхдээ л би түүнд хайртай, хайртай, хайртай . . .” гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд залуу бууж өгөх бодолгүй байсан бололтой. Гэртээ очсон даруйдаа Фицжеральд их сургуульд байхдаа бичсэн нэгэн зохиолоо шинээр бичиж гарчээ. Тэрбээр өндөрлөгт хүрч, бусдаас онцгойрох цорын ганц зам бол түүний хувьд уран зохиол гэдгийг эртнээс мэдэж байв. “Эрвээхийний далавчин дээрх хээ дүрс хаанаас яаж бий болдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хүн болгонд гоё сайхан санагддаг. Фицжеральдын авьяас яг л тэр эрвээхийний далавчин дээрх хээ мэт” гэж Хемингуэй Скоттын талаар атаархан ярьсан байдаг. “Би амжилт алдрын зам руу явж байна. Удалгүй хайрт чи минь надтай цуг энэ замаар явах болно” гэж Скотт Зельдад амлан бичиж байсан нь биеллээ олсон аж. Хэдэн долоо хоног нойр хоолгүй суусны эцэст оюутан насандаа бичиж байсан “Романтик амиа хичээгч” зохиолоо “This Side of Paradise” \Диваажингийн нөгөө талаар\ нэртэйгээр тэр жилийн шилдэг бүтээл болгож чадсан байна. 1920 оны гуравдугаар сард уг зохиол хэвлэгдэн гарсны дараа Френсис Скотт Фицжеральд нэг л өглөө алдар нэртэй баян болчихсон сэрсэн аж. Энэ гайхамшигт амжилт зохиолчийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан зүйлийг авчирсан нь мэдээж. Ердөө хоёр долоо хоногийн дараа Зельда түүний албан ёсны эхнэр болсон байна.
Фицжеральдын анхны бүтээл 20-иод оны америкчуудын хувьд тунхаг нь, нийгмийн тайван бус, бүрхэг ирээдүйтэй байдлаас болж хүмүүсийн амьдралын зорилго нь зөвхөн өнөөдрийн, түр зуурын аз жаргалын төлөөд оршино гэсэн зохиолын утга санаа нь “жазын эрин” үеийн үзэл бодол болсон билээ. Скотт Зельда хоёр ч өөрсдөө энэ үзэл бодлынхоо дагуу амьдарсан хүмүүс. Залуу хос аз жаргалыг одоо нэн даруй эдлэхийг хүсэж байлаа. Тэд хамгийн дээд зэрэглэлийн зоогийн газарт хооллон, хамгийн үнэтэй чанартай хувцас өмсөж, тойрон аялал хийж, Нью-Йорк , Парис, Канн хотуудаар дэггүйтэн зугаацах болжээ. Сонин хэвлэлийн шар мэдээ тэдний нэрээр эрээлжлэх болж, “Сонссон уу? Нөгөө Зельда, Фицжеральд хоёр Парист усан оргилуур дотор сэлсэн гэнэ, Скотт Фицжеральд жүжгийнхээ нээлтэд нүцгэн ирсэн гэнэ лээ, Скотт машинаараа хар хурдаараа хотоор давхиж, харин Зельда нь машины хамар дээр сууж явсан гэнэ” гэсэн хов жив дээдсийн хүрээлэнгийн ярианы гол сэдэв болоод байв. Хожим Фицжеральд “Бидний амьдрал Америкийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй солиорол байсан” гэж харамсан өгүүлсэн байдаг. Харин энэ хүртэл Зельда Скот хоёр зугаацаж цэнгэхийг үзүүлж өгч байлаа. Заримдаа тэд хаана байгаагаа мэдэхээ байтал уудаг байсан гэдэг. Энэ их хөлгүй найр цэнгээнээс Скотт хаяа гарч чаддаг байв. Учир нь тэр дараагийн найр цэнгээнийхээ мөнгийг олох гэж ширээний ард суун зохиолоо бичих аж. Тэрбээр найз нөхдөдөө бичсэн захидалдаа “чанарыг орхигдуулан тоог эрхэмлэх үе гарах юм” гэж дурдсан байдаг. Гэхдээ аз болоход үе үе Фицжеральдын байгалиас заяасан авьяас ил гарч ирэн “The Great Gatsby” \Агуу Гетсби\, “The Beautiful and Damned” \Хараагдсан үзэсгэлэнт хүмүүс\ зэрэг давтагдашгүй зохиолуудыг туурвихад хүргэсэн юм.Эдгээр зохиолууддаа Фицжеральд өөрөө гэнэт мэдэрч ухаарсан зүйлээ маш тод хурц харуулсан байдаг. Энэ нь бүгдийн хүсээд байдаг “америк” мөрөөдөл үнэн чанартаа америк эмгэнэл юм гэсэн санаа байлаа. Зохиолчийн бодит амьдрал өөрийнх нь тэр мөрөөдлийн баян тансаг, хөнгөн, дэггүй амьдралтай дэндүү адилхан ч яваандаа эрчтэй доошоо уруудах болжээ. Сүйрэл зайлшгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв. “Жазын эрин” Америкийн нийгэмд ч, зохиолчийн амьдралд ч Их хямралаар солигдсон юм.
“Би Зельдагийн хэвтэж буй эмнэлэгт очиж явахдаа ямар ч найдваргүй болчихсон байсан. Бидний хайр дурлал энэ зуундаа цорын ганц байсан билээ. Зельда бидний харилцаанд цав гарах тэр мөчид миний хувьд амьдрал утга учраа алдсан юм” гэж Скотт 30-аад оны дундуур тэмдэглэхийн дэвтэрт бичиж байжээ. Урьд нь Зельдагийн хөгжилтэй дэггүйтэл Скоттыг инээлгэдэг байсан бол удалгүй ухаангүй үйлдэл болж, түүний инээд солиорлын хөхрөл болж, яриа нь хэрүүл мэт болж хувирчээ. Зельда нөхрийгөө алдарт бүжигчин Айседора Дункантай хардан олны өмнө зочид буудлын шатан дээрээс үсрэн амиа хорлох гэж завдсаны дараа эмч нар түүнд ухаан балайрах өвчний онош тавьжээ. Зельда энэ өвчнөөсөө ангижирч чадаагүй агаад амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл хамгийн өндөр үнэтэй сэтгэцийн эмнэлгийн байнгын өвчтөн болсон билээ. 1934 онд Зельда нөхөртөө оюун ухаан нь маш тунгалаг хүнийх шиг хайр талархахлаар дүүрэн захидал бичсэн байдаг. “Миний хайрт, үзэсгэлэнтэй Скотт минь. Би юу ч биш хоосон хальс болж хувирсандаа үнэхээр их харамсаж байна. . . . Баяр баясгалан, гэр орон, байхгүй болсон энэ үед бид уулзахдаа бидний хооронд байсан хайр энхрийллийн оронд харамсал, хөндий бий болж гэдгийг ойлгоход гунигтай байна. Би чамд аз жаргалыг хүсье. Хэрэв хорвоо дээр шударга үнэн гэж байдаг бол чи жаргах учиртай. . . Чамдаа хайртай ” хэмээсэн бичжээ.
Харамсалтай нь Фицжеральд ахиж хэзээ ч аз жаргалыг амсаагүй билээ. Тэрээр насан эцэстлээ хайртай Зельдаагаа тэтгэж эргэсээр байсан юм. Зохиолч архинд гүнзгий орсон байлаа. Тэрбээр эхнэрийнхээ эмнэлгийн мөнгийг олох гэж л зохиол бичих үедээ уухаа түр зогсоодог байв. Френсис Скотт Фицжеральд 1940 оны 12 дугаар сард зүрхний шигдээсээр нас барьжээ. Зельда найман жилийн дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Нас барахынхаа өмнө Зельда ээждээ “Санаа бүү зов ээж минь. Би үхэхдээ огт айхгүй байна. Айгаад байх юм ер байхгүй гэж Скотт ярьж байна . . .” хэмээн хэлсэн гэдэг.