Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг "сэтгэцээ эмчлүүл" гэж хэлснийх нь дараа Франц улс Анкарагаас элчин сайдаа эгүүлэн татахаар болжээ. Энэ тухай Associated Press мэдээлэв. Энэ сарын эхээр Францын Ерөнхийлөгч Макрон дэлхий даяар Исламын шашин хямарч буй талаар мэдэгдээд 1905 оны хуулийг шинэчилж шашныг төрөөс улам холдуулан салгахыг амласан байна. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч исламын сүм хийдүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг сайтар хянаж байхаа мэдэгджээ. Харин энэ мэдэгдлийг Туркийн Ерөнхийлөгч шүүмжлэн, Францын Ерөнхийлөгчийг "Янз бүрийн шашны төлөөлөлтэй ийм муухай харьцдаг төрийн тэргүүний талаар юу хэлэх вэ дээ? Юуны түрүүнд түүний сэтгэцийг шалгах хэрэгтэй" гэжээ. Харин Парис түүний үгийг байж боломжгүй бүдүүлэг гэж үзсэн байна. "Ерөнхийлөгч Эрдоганы үг байж болшгүй. Мухардалд орж бусдыг доромжлох нь байж болшгүй хэрэг. Эрдоганы улс төрийн үзэл бодол аль ч талаас нь харахад аюултай тул түүнийг энэ байр сууриа өөрчлөхийг шаардаж байна" хэмээн Францын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ. Түүнчлэн Парист нэгэн багш бусдын гарт амиа алдсаны дараа Туркийн Ерөнхийлөгчийн зүгээс эмгэнэл илэрхийлээгүй гэдгийг онцолсон байна. 10-р сарын 16-нд Парисын ойролцоо дунд сургуулийн түүхийн багш Самуэль Патигийн толгойг тастан алсан хэрэг гарсан юм. Тэрхүү багш хичээл дээрээ Францын "Шарли Эбдо" сэтгүүлд гарсан Мухаммедын шог зургуудыг үзүүлсэн аж. Францын терроризмтой тэмцэх прокурорын газрын мэдээлснээр 2002 онд Москвад төрсөн, Чечен гаралтай, сүүлийн 12 жилийн турш Парист амьдарч, дүрвэгсдийн статустай алан халдагчийг цагдаа нар буудан хөнөөсөн байна