БНХАУ армийнхаа шинэчлэлийг түргэтгэж, дэлхийд тэргүүлэх зэвсэгт хүчин болгох ёстой гэж тус улсын дарга Си Жиньпин мэдэгджээ. Сайн дурынарми нь Солонгосын дайнд оролцсоны 70 жилийн ойд зориулан Ардын их хурлын ордондоо зохион байгуулсан баярын хурлын үеэр үг хэлэхдээ тэрбээр ийн мэдэгдсэн байна. “Хүчирхэг армигүйгээр хүчирхэг эх орныг төсөөлөх аргагүй. Хятадын онцлогтой социализмыг дэмжин хөгжүүлэхийн тулд бид улсынхаа хөгжил, аюулгүй байдлын сацуу цэргийн хүчээ зузаатгах ёстой” гэж Си Жиньпин тэмдэглэв. Дэлхийн II дайнд Япон ялагдсаны дараа Ялтын гэрээний дагуу Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр хуваасан юм. Удаан хугацааны турш харилцан хийсэн сүрдүүлэг нь 1950 оны зургадугаар сард БНАСАУ болон БНСУ хоорондын зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан билээ. Өмнөд Солонгосын талд НҮБ-ын далбаан доор АНУ болон 20 улсын цэрэг байлдсан бол Умардыг ЗСБНХУ болон Хятад дэмжсэн. Хятадын ардын сайн дурынхны арми 1950 оны аравдугаар сарын 19-нд хилийн Ялузян голыг гатлан, 1953 онд гал зогсоохоор тохиролцох хүртэл байлдааны ажиллагаанд оролцжээ. Солонгосын дайнд Хятадын 2.9 сая дайчин оролцсоноос 197 653 нь амь үрэгдсэний дотор Мао Зэдуны хүү Мао Аньин байсан тухай Хятадын талын албан ёсны мэдээнд дурджээ.