БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа 48 хүн нас барсан ч уг тарилга болон нас барсан тохиолдлууд хоорондоо ямар нэгэн хамааралтай нь тогтоогдоогүй тул урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс нь мэдээлснээр вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол аравдугаар сарын 16-нд бүртгэгдсэн бөгөөд нас барагсдын 80 орчим хувь нь 70, 80 гаруй насныхан байв. “20 хүний цогцост задлан шинжилгээ хийхэд тэдний нас барсан шалтгаан, вакцин хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг зогсоох асуудлыг хэлэлцэхгүй” гэж тус төвийн тэргүүн Чон Ын Гён мэдээлсэн байна. БНСУ-д томуугаас үүдэлтэй өвчлөлийн улмаас жилд 3000 орчим хүн нас бардаг. Мэргэжилтнүүд вакцин, нас барсан тохиолдлууд хоорондоо холбоотой, эсэхийг хянасан байгаа бөгөөд энэ онд вакцин хийлгэсний дараа зовуурь илэрсэн гэж 1154 хүн мэдээлсэн гэнэ. Гэсэн ч БНСУ даяар богино хугацаанд олон хүн нас барсан энэ үед олон нийтийг вакцинжуулах шаардлагатай, эсэх талаар эрүүл мэндийн байгууллагууд нь санал хуваагдаад буй аж. Тодруулбал, Анагаах ухааны холбооны хувьд вакцинжуулах хөтөлбөрийг нэг долоо хоног орчмын хугацаанд хойшлуулах санал Засгийн газартаа хүргүүлсэн бол Вакцин хариуцсан нийгэмлэг нь вакцин, нас баралт хоорондоо ямар нэг хамааралтай нь тогтоогдоогүй тул тарилгаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэжээ.
Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 13 сая орчим хүн вакцин хийлгэсэн байна. Цар тахлын үед улирлын томуугийн улмаас эмнэлгүүдэд нэмэлт ачаалал үүсэхээс зайлсхийхийн тулд ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн аж. Ойролцоогоор 30 сая хүнд тарихаар төлөвлөсний 19 саяыг үнэ төлбөргүй хийх гэнэ. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын эрх баригчид томуугийн таван сая орчим хүн/тун вакцин буруу хадгалалтын улмаас муудсан, эсэхийг шалгажээ. Үүний дараа тэдгээр вакцины чанар өөрчлөгдөөгүй хэмээн мэдээлсэн байна.