Катарын нийслэлд өнгөрсөн сард эхэлсэн Афганистаны Засгийн газар, “Талибан” хөдөлгөөн хоорондын энхийн хэлэлцээ тасрах аюултай болжээ. Америкийн цэргүүд Афганистанаас бүрэн гарахын өмнө талибууд идэвхжин, өдөр бүр террорист халдлага үйлдэж, аюулаас хамгаалах хүчнийхэн рүү дайрч байна. Афганистанд Америкийн цэрэг байсан 19 жилийн түүхийг эцэс болгох гэсэн Ерөнхийлөгч Дональд Трампын бодол Кабул болон НАТО-гийн холбоотнуудад нь улам их асуудал үүсгэж буй. Кабул, талибууд хоорондын энхийн хэлэлцээ өнгөрсөн сарын 12-нд Дохад эхэлсэн ч Афганистанд хүчирхийлэл газар авч байна. Тухайлбал, лхагва гарагт талибуудын отолтод орсны улмаас Тахар мужид аюулаас хамгаалах албаны 25 ажилтан амь үрэгджээ. Мягмар гарагт хойд нутгийнх нь Кундуз мужийн Имам-Сахиб тойрог дахь хилийн шалган нэвтрүүлэх цэг рүү тэсрэх бөмбөг харвагч ашиглан халдсан, мөн армийн эргүүл отолтод орсноор зургаан цэрэг амь үрэгдэж, дөрвөн хүн шархдав. Мөн өдөр зүүн өмнөд нутгийнх нь Забул мужид найман цэрэг барьцаалагдлаа. Мөн төвийн нутгийн Вардак мужид энгийн 10 иргэн замд суурилуулсан тэсрэх бөмбөгт өртөн амь үрэгдсэн байна. ДХЯ-наас нь мэдээлснээс үзвэл Афганистаны хоорондын энхийн хэлэлцээ албан ёсоор эхэлснээс хойш үйлдсэн халдлагын улмаас энгийн 180 иргэний амь эрсдэн, 375 хүн шархаджээ.
Талибууд ч ноцтой хохирол амсаж буй. Афганистаны 1TV-ээр уламжилснаар өмнөд нутгийн Кандагар мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр 53 босогч, тэдний дотор хээрийн командлагч болон хоёр пакистан зөвлөхийг устгасан байна. Хөрш Гильменд мужид ч ширүүн байлдаан болсон гэнэ. Талибуудын давшилтыг зогсоохын тулд АНУ-ын Агаарын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт тэдний байрлалуудад цохилт өгчээ. Энэ нь талибууд халдсаны хариуд өгсөн аргагүй алхам бөгөөд Вашингтон, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид хооронд байгуулсан Үл довтлох тухай тохиролцоог зөрчсөн хэрэг болохгүй гэж Афганистан дахь АНУ-ын цэргийн төлөөлөгч Сонни Леггет тайлбарласан байна. Мөн энх тайван байдал тогтоох тухай Афганистан хоорондын хэлэлцээг хөндсөн халдлагаа нэн даруй зогсоохыг тус улс дахь АНУ, НАТО-гийн цэргийн командлагч Скотт Миллер “Талибан” хөдөлгөөнд уриалжээ.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Афганистаныг дахин террористууд манай орнуудын эсрэг чиглэсэн халдлагаа төлөвлөж, зохион байгуулдаг түшиц газар болгохгүйн тулд бид үүргээ үргэлжлүүлэх бодолтой байна” хэмээн мэдэгдсэн аж.
“Дохагийн гэрээ байгуулсны дараа Афганистаны байдал эрс хурцадсан нь Америкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн дайнд цэг тавина хэмээн найдаж байсан засаг захиргаанд нь шинэ сорилт боллоо” гэж ОХУ-ын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Батюк хэлснийг “Коммерсантъ” сонин уламжилжээ. “Талибууд АНУ-тай хэлэлцээ байгуулснаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн ойлгож, Кабулд үзүүлдэг дарамтаа эрс хүчтэй болгосон. Эцэст нь АНУ Вьетнамаас гарсны адил ялагдлаа хүлээгээд, тэрчлэн өмнөх бага Жорж Буш болон Барак Обамагийн засаг захиргааны бодлого бүтэлгүйтсэнийг зарлаад явах, эсвэл Дохагийн гэрээнээс гарч, хэдийн АНУ-ын 2400 иргэний амийг авсан, 778 тэрбум долларын зарлага гаргасан Афганистаны дайны шинэ үеийг эхлүүлэх ойлгомжгүй сонголт хийхэд хүрч байна. Энэ байдлаас зүгээр, хэний ч санаанд нийцэхээр гарах боломж Ерөнхийлөгч Д.Трампад байхгүй” гэж В.Батюк мэдэгдэв.