Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Үүгээр сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдааныг маргааш 11.00 цагт товлон зарлав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу анхдугаар хуралдааныг төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь удирдах бөгөөд хамгийн олон суудал авсан нам, эвслээс ИТХ-ын даргад гишүүнээ нэр дэвшүүлэх юм. Төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан хүнийг ИТХ-ын даргаар сонгогдсонд тооцдог. Энэ удаагийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д МАН 34, АН найм, ХҮН гурван суудал авсан. Тиймээс МАН-аас сонгогдсон аль нэг төлөөлөгчийг ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх юм. Анхдугаар хуралдаанаар мөн намын бүлэг байгуулж, даргаа сонгоно. Үүнээс гадна олонхын бүлгээс нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд түүнийг томилох шийдвэрээ Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор багтаан гаргах үүрэгтэй юм байна. МАН-ын нийслэлийн хороо 300 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдөр хуралдаж, Засаг даргад нэр дэвшүүлэх хүнээ тодруулах гэнэ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-д МАН 23, АН 17 суудал авсан. МАН-ын Сэлэнгэ аймаг дахь хороо VII хуралдаанаа өчигдөр хийж, өмнө нь Засаг даргаар ажилласан Ш.Оргилыг 75.6 хувийн саналаар улираан томилуулахаар шийджээ. Тодруулбал, Засаг даргад Ш.Оргил, О.Дамдинпүрэв нар нэрээ дэвшүүлсэн гэнэ. Анхдугаар хуралдаанаа маргааш хийх бөгөөд үүгээр Ш.Оргилыг Засаг даргад нэр дэвшүүлж, 50-иас дээш хувийн санал авбал томилуулах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэх юм.
Булган аймгийн ИТХ-д АН 19, МАН 13, бие даагч нэг хүн сонгогдсон. Тус аймаг дахь АН-ын хорооны дарга Б.Ариун-Эрдэнийг Засаг даргаар сонгохоор гишүүд нь санал нэгдсэн гэнэ.
Сүхбаатар аймгийн ИТХ ирэх баасан гарагт анхны хуралдаанаа хийх бол Увс 25- нд, Өвөрхангай 26-нд, Төв 28-нд, Ховд арваннэгдүгээр сарын 1, Хөвсгөл, Говь-Алтай ирэх сарын 4-нд товложээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх зэрэг шаардлагыг хангах ёстой аж.