Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэв. Хуулийн төсөлд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төслийн нэрийг нь уг хуульд нийцүүлэн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж өөрчилсөн байна. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж, баталсан ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ. Түүнчлэн харилцах дансыг нэр томьёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн, төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар төсөлд тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулсан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа одоо иргэн, хуулийн этгээд хугацаагүй хадгаламжийн гэрээг банктай байгуулдаг бөгөөд төсөлд зөвхөн иргэн харилцах болон хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулах, харин аж ахуйн нэгж хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулахгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа гэв. Мөн аливаа төрлийн харилцах дансанд хүү төлөхгүй байхтай холбоотой зохицуулалтууд тусгасан байна. Түүнчлэн ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалтууд бий бөгөөд гадаадын болон дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ.
Зарим банк иргэдээс валют хүлээн авахгүй, валютын үйлчилгээг төгрөгөөр авахыг тулгаж байгаа нөхцөлийн талаар тодруулахад “Энэ нь цар тахлын нөхцөлд зохицуулж буй хуулийн үйлчлэлтэй холбоотой. Ялангуяа санхүүгийн зуучлалын үйлчилгээ явуулдаг банкуудын үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан. Энэ нь төгрөгийн ханшийг хамгаалах, нөгөө талдаа долларжилтыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусах хүртэл дээрх зохицуулалт хэвээр үргэлжилнэ” гэлээ.
Төслийг хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төслийн есдүгээр зүйлийн 9.11-т “Төрийн өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанканд байршуулна” хэмээх зохицуулалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд банкны салбарыг цахимжуулах чиглэлд анхаарах, Төрийн санд төрийн бүх сангийн эх үүсвэрийг татахаас гадна 51-ээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эх үүсвэрийг татах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. 1995 оноос хойш огт хөндөгдөөгүй байсан хуулийг 25 жилийн дараа цаг үеийн шаардлагаар шинэчлэх гэж байгааг Б.Жавхлан гишүүн дурдаад, дахин энэ хугацаанд тогтвортой үйлчлэх, сайн хууль батлах нь чухал гэлээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.6 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэлийн цогц бодлогыг төрөөс баримталж байгаа юм. 2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж буйг төслийн танилцуулгын үеэр дурдав. Гэтэл энэ 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас харьцангуй ангид байдлаар банкны удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг, Монгол Улсын банкны салбарын сул, эмзэг тал болж байгааг онол практикийн олон тооны судалгаа харуулдаг байна. Энэ нь банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрсөн байдлаар даамжирч, цаашлаад төлбөрийн чадварт нь нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүргэх эрсдэлтэй тул УИХ-аас онцгой анхаарч, холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж, зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувийн саналаар дэмжив.
Бэлтгэсэн: А.Амина