2010 онд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль болгон шинэчлэхээр УИХ хэлэлцэж эхэллээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. “Эмнэлгийн хэрэглэгдэхүүн” гэж хүн, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, шинжлэх, эмчлэх, хянах, ариутгах, халдваргүйтгэх, биеийн бүтэц болон физиологийн үйл ажиллагааг дэмжих, орлох, сэргээн засахад хэрэглэдэг эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон лабораторийн оношилгооны хэрэгсэл, суулгац, протезыг хэлнэ” гэж тус төсөлд тусгажээ. Харин хүчин төгөлдөр үйлчилж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “эмнэлгийн хэрэгсэл” гэдгийг хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг хэлэхээр хуульчилсан байдаг. Ташрамд дурдахад, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон хэлэлцэж буй эл төслийн аль алинд нь хүний болон малын эмийн талаарх зохицуулалтыг нэгтгэн тусгажээ.
Гэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн эл төсөл байнгын хорооны босгыг тийм ч амар давсангүй. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон тус яамны албан тушаалтнуудыг төслийнхөө талаар ойлголт муутай байна хэмээн гишүүд шүүмжилсэн юм. Эмийн үнийг сайд, эсвэл агентлаг тогтоох уу гэдгийг цөөнгүй гишүүн тодруулж, төслийг буцаах хүртэл санал гарсан. Харин уг төсөл нь 2012 оноос хойш хэд хэдэн парламент дамжин хэлэлцэлгүй, хойш тавьж ирснийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсны хувьд учирлаж, хэлэлцүүлгийн шатанд анхаарал татсан зохицуулалтыг цэгцлэх боломжтойг “ухуулснаар” хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Зарим гишүүний байр суурийг салбарын сайдын хариулттай нь хүргэж байна.
С.Чинзориг: -Өнгөрсөн наймдугаар сард энэ хуульд өөрчлөлт оруулснаар эмийн зохицуулалтын агентлагийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулахаар болсон. Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой бүх асуудлыг уг агентлаг хариуцах ёстой. Гэхдээ энэ төслийг харахаар хяналт хаана байгаа нь ойлгомжгүй байна. Эмийн зохицуулалтын агентлаг, мэргэжлийн хяналтын байгууллагын чухам аль нь эмэнд хяналт тавих вэ. Хоёрдугаарт, эмийн үнийг салбарын сайд тогтоох агуулга бүхий заалт уг төсөлд байна. Эмийн үнийг та тогтоож чадах юм уу. Түүгээр явсан гайг үүгээр дуудсан болох вий. Чадахгүй байж баахан ачаа өөр дээрээ авч, асуудал үүсгэв дээ.
Т.Мөнхсайхан (Эрүүл мэндийн сайд): -Хяналтын тогтолцоо нь эм, эмнэлгийн хэрэгслийн асуудлыг харьяалах агентлагтаа нэлээд төвлөрнө. Агентлагтаа хяналтын нэгж, хэлтэс байгуулна. Харин тухайн агентлаг хэр зөв хяналт тавьж байгааг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас давхар хариуцах юм.
Ц.Мөнх-Оргил: -Наймдугаар сард баталсан хууль цоо шинэ дэглэм үүсгэчихээд байхад өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийн агуулгыг л яриад байх юм. Уг нь Т.Мөнхсайхан сайд та ажлынхаа гүнд орсон бол энэ төслийг янзалж, цэгцлээд оруулаад ирэх байлаа. Төсөлд зөрчилтэй заалт олон байна. Жишээ нь, эмийн зохицуулалтын агентлагаар дамжуулан эмийн чанарыг хянах зорилготой. Өөрөөр хэлбэл, тэндээс нэгдсэн журмаар худалдан авах замаар чанарыг хянана. Түүнээс биш сайд нь үнэ тогтооно гэж бодож энэ хуулийг батлаагүй. Тухайлбал, та импортын аспирины үнэд хэдэн хувь нэмэх юм бэ. Аспириныг олон янзын үнээр оруулж ирээд байвал та яах юм бэ. Нэг эм хэчнээн янз, үнэ нь өөр өөр байгааг та мэднэ. Тэр олон үнийг сайд та нэгтгэж чадахгүй. Яагаад гэвэл тэр олон янзын аспириныг тус тусдаа оруулж ирээд байгаа юм. Харин агентлаг нэгдсэн худалдаа хийнэ гэдэг нь улсын хэмжээнд хэрэглэх гэж байгаа нийт аспирины тоог гаргаад, олон улсад сонгон шалгаруулалт зарлаж, манай аж ахуйн нэгжүүд нэг үнээр нэг төрлийн аспирин оруулж ирэхийг хэлээд байгаа юм. Сайдын тушаалаар үнэ хянадаггүйг дахин хэлье. Та нарын ажлыг үймүүлэх гэсэн юм биш. Үүнийг зохицуулж чадахгүй олон жил боллоо. Мэргэжлийн хяналтын байгууллага ч эмийг хянаж чадахгүй байгаа шүү дээ. Эмийн нэгдсэн худалдан авалт хийдэг Шинэ Зеландын жишгээр хуулийн төсөлдөө заалт тусгаад оруулаад ирээрэй гэж хэлсэн л дээ, уг нь. Даанч тийм заалт би олж харсангүй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, чанарыг бид хянаж яах юм бэ. Шинэ Зеландын бүтээгдэхүүнийг гэхэд л Австрали, Европын Холбоо хүлээн зөвшөөрчихсөн. Бид тэднээс илүү судалж, шалгаж чадахгүй. Ингэж нэмэлт зардал гаргах шаардлагагүй.
Т.Мөнхсайхан: -Таны хэлж байгааг ойлголоо. Саналыг тань хүлээж авлаа. Зарчмын хувьд таныхтай дүйх зохицуулалтыг төсөлд оруулсан. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнэтэй холбоотой заалтыг та хөндөөд байх шиг. Тодруулбал, Төслийн 19.2-т “Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний борлуулалтын үнэ нь тухайн эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нэгжийн өртгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хувиар нэмэгдүүлэн тооцсон дүнгээс хэтрэхгүй байна” гэх заалт бий. Түүнээс биш бүх эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг сайд нь тогтоохгүй. Мөн төслийн 18.3-т “Худалдан авах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ерөнхий нэршлийн эмийг сонгох зарчмыг баримтална” хэмээн нэгдсэн худалдан авалттай холбоотой заалт оруулсан.
Ц.Мөнх-Оргил: -Сайд аа, та ярьж байгаа зүйлээ сайн харж, мэд л дээ. “Зарчим баримтална” л гэж байгаа болохоос олон улсын хэмжээнд нэгдсэн худалдан авалтыг эмийн зохицуулалтын агентлаг нь Сангийн яамтай хамтран зохион байгуулах тухай үг, өгүүлбэр энд алга. “Зайлшгүй шаардлагатай эмийн үнийг л тогтооно” гээд байх юм. Бүх эмийн үнэ, чанарыг зохицуулах хэрэгтэйг та ойлгоогүй л байна шүү дээ. Та энэ төслөө цэгцлээд дахиад оруулж ирсэн нь дээр. Өргөн барьсан төслийг чинь орвонгоор нь эргүүлэхээр байна шүү дээ.
П.Анужин: -Эмийнхээ үнийг хөнгөлчихлөө. Гаднаас нэгдсэн журмаар оруулдаг болох нь. Тэгвэл эмийн хэрэглээндээ хяналт тавихгүй юм уу. Эмээс улам бүр хараат болох бодлогыг нь улам боловсронгуй болгох тухай бид яриад байна шүү дээ. Эрүүл монгол иргэнтэй байх бодлого энэ улсад байна уу. Хоёрдугаарт, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэгт юуг хамааруулж байна вэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэлээд байна уу. Хэрэв хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж байгаа бол энэ хоёр чинь шал өөр зүйл шүү. Ийм хоёр зүйлийг нэг хуулиар зохицуулж болохгүй. Нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Өрхийн орлого нь эмийн үнэд явчихаад байгааг хүмүүс хэлээд байна шүү дээ.
Т.Мөнхсайхан: -Төслийн 3.1.10-т “эрүүл мэндийн бүтээгдэхүүн” гэж аминдэм, эрдэс бодис, тэжээлийн бодис агуулсан, хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих тодорхой хэлбэрт оруулсан, зохих хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэлнэ гэж тусгасан. Таны асуусан статистик мэдээлэл манайд байхгүй.
П.Анужин: -Харамсалтай байна. Ийм статистикгүй байж энд юу ярих гээд байгаа юм бэ.
Ц.Сандаг-Очир: -Бүх шатны эмч хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жорыг цахимаар бичиж, үйлчилнэ гээд байгаа. Үүнд бэлэн үү. Эмийг хянах агентлаг монопол болох вий.
Т.Мөнхсайхан: -Бүх шатанд бэлтгэлээ хангаж байгаа. Арваннэгдүгээр сараас энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
Л.Энх-Амгалан: -Өвчтөний эрүүл мэндийн өөрөө төлөх зардлын гуравны хоёр нь эмд “явж” байна. Амьжиргааны доод түвшний айл өрхийн орлогын 94 хувийг эмийн зардал эзэлж байна гэсэн судалгаа бий. Иймд энэ хуулиар олон асуудлыг шийдвэрлэхүйц зохицуулалт хийх хэрэгтэй. Эцэст нь малын болон хүний эмтэй холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулах нь зөв үү. Эхлээд хүнийхээ асуудлыг шийдсэн нь зөв болов уу.