Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр шинээр байгуулсан Үндэсний геологийн алба болон Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагад үүрэг, чиглэл өгөв. Энэ үеэр Ерөнхий сайд “Хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх нь хамгийн чухал бодлого байх ёстой. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сайтар мөрдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны анхааралд байх асуудал. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариуцах ёстой ажил гээд орхиж болохгүй. Ашигт малтмал олборлочихоод нөхөн сэргээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Хэдийгээр уул уурхайн салбар бидний амьдралд тус дэм болж байгаа ч хүн төрөлхтний цаашдын хувь заяаг байгаль дэлхий шийднэ. Байгаль дэлхийгээ хэрхэн онгон дагшнаар нь авч үлдсэн бэ гэдгээр улс орнуудын хөгжлийн түвшнийг хэмжих үе ирж байгааг огт мартаж болохгүй” гэж онцолсон юм.
Мөн тэрбээр “Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан эрх зүйн орчны шинэчлэл хийх хэрэгтэй. Уул уурхай, газрын тосны салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зайлшгүй шаардлага бий. Эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас болж ажил урагшилдаггүй, хийдэл гарч, ойлгомжгүй байдал үүсгэдэг. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах хуулийн төсөл боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, Үндэсний геологийн албаны бүтцэд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нэгтэх асуудлыг эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгоё. Ингэж байж ажил явна. Хамтарч ажиллах ёстой байгууллага нэгдсэнээр ажлын үр дүн гарна гэж бодож байна. Гуравдугаарт, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бүтээгдэхүүн дамжуулах хоолойн техникийн даалгаврыг боловсруулах олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулж, шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ажил удаашралтай байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрт онцгойлон анхаарал тавиарай. Энэ бол стратегийн ач холбогдолтой зорилтот төсөл. Дөрөвдүгээрт, “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн үйл ажиллагааг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох бүртгэх, түүнд тавих хяналтыг цахимжуулах эрх зүйн болон техникийн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Гол нь ил тод, нээлттэй болгох хэрэгтэй байна. Ой мод, гол мөрөнтэй, хүн, мал оршин амьдрах газар ашигт малтмалын хайгуулын лиценз огт олгож болохгүй. Тиймээс уул уурхайг маш сайн төлөвлөж хөгжүүлэх нь зөв. Тавдугаарт, говийн бүсэд хэрэгжүүлэх мега төслүүдийг ойрын үед хэрхэн яаж усаар хангахыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн усны асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг олох хэрэгтэй байна. Зургадугаарт, бензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай нь уялдуулан ялгавартай тогтоох, газрын тосны зарим төрлийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах чиглэлээр Онцгой албан татварын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай байна. Долдугаарт, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэх шаардлагатай” гэв.