Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард иргэдээ сонсдог Төрийн тэргүүн байна гэж амласан. Үүнийгээ биелүүлж, жил бүр иргэдтэйгээ уулзаж байгаа. Монгол Улс 1.5 сая ам км газар нутагтай, аймаг, сум бүр нь өөрийн онцлогтой, түүнээс шалтгаалсан асуудалтай байдаг. Тиймээс та бүхний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, ажил хэрэг болгохын тулд уулзалт хийх нь үр ашигтай” хэмээв. Төрийн албанд ах, дүү, хамаатнуудаа ажиллуулдаг, 600 хүүхдийн багтаамжтай сургуульд 1400 орчим сурагч хичээллэж буй, уул уурхайн лиценз дураараа олгодог, Хатгал тосгоны малчдын бэлчээр хүрэлцэхгүй, маргаан үүсгэдэг гэх мэт асуудлыг иргэд түлхүү хөндөж ярилаа. Мөн архидалттай тэмцэж, монгол бичиг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгчөөс хүсэв. Мөрөн сумын V багийн иргэн С.Отгонбаяр “Сонгогчдын боловсролыг дээшлүүлж, иргэдийн оролцоог хангах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна. Хүүхдүүд сонгууль, улс төрийн тогтолцооны талаар ямар ч ойлголтгүй 18 нас хүрдэг. Тэгэхээр идэвхтэй, хариуцлагатай иргэн байхын ач холбогдол, сонгуулийн мөн чанарын талаар дунд сургуульд заах хэрэгтэй” гэсэн юм.
Төрийн тэргүүн Х.Баттулга “Манай улс өнгөрсөн 30 жилийнхээ алдаа, оноог дүгнэх хэрэгтэй. Уул уурхайгаас ард түмэн биш, хэдхэн гэр бүл баяжжээ. Үүнийг би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хөндөж, заримыг нь ажил хэрэг болгож байгаа. Газар доорх баялаг ард түмнийх байна гэж “Эцэг хууль”-д заасан ч иргэд өнөөдөр юу хүртсэн юм бэ. Тиймээс дээрх заалтыг өөрчилж, газар нутгийг төрийн нийтийн өмч гэж тусгасан. Үүний ачаар Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордын баялгийг ард түмэн хүртэх эхний алхмаа хийсэн юм. Энэ бол 245 мянган ахмадын, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал. Үндсэн хуулийн дагуу газар доорх баялгийг тэгш хүртээж болохыг харуулсан жишээ. Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг манай улс орхигдуулж ирсэн. Малын тоо 70 саяд хүрсэн ч түүхий эд нь үнэгүйдлээ. Энэ нь нэгдсэн, төлөвлөлттэй бодлого үгүйлэгдэж буйгаас улбаатай. Улсын хилээ хаасан энэ цагт бид юу амжуулах ёстой вэ. Монголчууд өөрсдөө ажил хийж чаддагийг харуулах цаг болсон. Тэгвэл үүнийг эхлүүлсэн. Говийн бүс хамгийн их цөлжиж байгаа. Тэнд малаа маллаж, ажил, амьдралаа залгуулж буй иргэд, хөгжих гэж байгаа сум, аймаг бий. Хэрэв цөлжчихвөл тэнд хүн амьдрахгүй. Тиймээс усаар хангахын тулд Монгол Улсын төмөр замын бодлогыг 2010 онд баталсан. Өмнөговь, Дорноговь аймаг дахь газрын баялгийг гуравдагч хөрш рүү борлуулах дэд бүтцийн ажлыг 6000 монгол залуу өнгөрсөн жилээс хойш хийж байна. Тэд 2.6-8 хүртэлх сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Тэнд 60 худаг гаргасан. Говийг дагасан усан хоолой барьж, цөөрөм бий болгоно. Жилд 10 сая арьс боловсруулах томоохон үйлдвэрийг Дархан-Уул аймагт барьж байгаа. 330 сумд арьс боловсруулах анхан шатны үйлдвэр ашиглалтад оруулна” хэмээв.
Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогыг өнгөрсөн жил баталсан. Үүнд Хөвсгөл аймгийг аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх талаар сайтар тусгасныг Ерөнхийлөгч онцолж, удахгүй БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл болон Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж, энэ талаар санал солилцохоо хэллээ. Мөн тэрбээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа гэв. Тус аймгийн удирдлага “2017 онд Хөвсгөлийг уул уурхайн лицензгүй аймаг болгох шийдвэр гаргасан. Манай аймгийн газар нутгийн 30.9 хувь нь улсын, үлдсэн нь орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. 277 лицензийг өдгөө 24 болгож бууруулсан. Хүчинтэй байгаа ашиглалтын болон хайгуулын 24 лицензийг сунгахгүй. БОАЖЯ-наас Хөвсгөл нуур орчмын 128 хэсэгт газар олгосон. Үүнээс 68-д нь байнгын үйл ажиллагаа явуулж буй бол байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгээгүй 40 газар байна. Хөвсгөл нуурын эрэг дагуух 618 нүхэн жорлонг булсан”-ыг энэ үеэр хэлэв. Мөн анги дүүргэлт их байгаа нь орчин нөхцөл, багш нарын ур чадварыг харгалзан эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэдхэн сургуульд сургаж, ачаалал үүсгэдэгтэй холбоотойг албаныхан онцолсон юм. Түүнчлэн архидалтыг багасгах ажлын хүрээнд үүнтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатайг аймгийн Засаг дарга хэлэв. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын ашиглалтын хугацаа нь дууссан бөгөөд ирэх оны төсөвт шинийг барихаар тусгаж буй аж. Оффшор дансанд байршсан мөнгийг эргүүлэн татах ажлыг хийж байгааг Ерөнхийлөгч төгсгөлд нь онцолж, “Иргэд сонгуулийг шударга бус явуулж буйг шүүмжиллээ. Энэ нь ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Тогтмол, өндөр цалинтай бол сонгогчид саналаа худалдахгүй шүү дээ. Тиймээс аж үйлдвэрээ хөгжүүлж, ажлын байраа нэмэх бодлогыг УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх учиртай” гэв.